top banner

Петербургийн совин билгийн дууч


2017-05-01 14:29:31
Зураг

Кафкагийн “Хувирал”-ын хамгийн гайхалтай нь юу вэ? Надад бол Замза биеийнх нь хачин муухай үсэрхэг, нугаламтгай хэсгүүдийнхээ хамгийн гоёмсог нь болох мөнгөлөг жижигхэн далавчаа харж чадалгүй байсаар үхэж буй нь гайхамшиг хийгээд гутамшигийн хамгийн том жишээ бөгөөд энэ жаахан дүрслэлд л маш том санааг багтаасан шиг санагддаг. Оросын суут зохиолч Н.В.Гоголь ч мөн ялгаагүй энэ санааг “Невийн өргөн чөлөө” туужийнхаа үндсэн сэдэв болгон тавьсан билээ.

Зураач Пискарев Невийн өргөн чөлөөгөөр баян танил Пироговын хамт явж байгаад өгүүлшгүй гоо сайхантай учрах болно. Бүхий л зүйлс, зураачийн оюун сэтгэхүйг абсурд төсөөллүүдээр дүүргэж орхисон мөнөөх гоо бүсгүй нь харин аж төрөхүйн бузар булай бүхэнд гүнээ шигдсэн, нэг ёсондоо өмхий балчиг дунд ургасан бадамлянхуа юм. Анх бүсгүйг үзээд Пискарев “Хөл доорх явган хүний зам өөрөө гулсаад байх шиг, цааш нааш давхиж байсан сүйх тэрэгнүүд цөмөөрөө зогсчих шиг, гүүрүүд сунаж, тэхий дундуураа хугарч, байшингууд хөрвөж дээвэр дээрээ тогтож, цагдаагийн шовгор юу юугүй дээрээс нь дарж ойчих гэж байгаа мэт санагдаж, харуулын цагдаагийн сүх жад, дэлгүүрийн хаягийн алтан үсэг, тэр хаяг дээр зурсан хайч бүр нүднийх нь сормуусан дээр тогтож үзэгдэх мэт боллоо. Үзэсгэлэнт бүсгүйн ганцхан харц ийм их ид шидтэй ажээ” хэмээн уулга алдах буюу. Ерөөс өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг олж хараад, санаандгүйгээр хэн нэгний ухсан хар нүхэнд ойччих шиг мэдрэмжийг “Невийн өргөн чөлөө” туужаас бүрнээ мэдрэх болно. Үнэндээ хорвоод өөрийн гэсэн гоо сайхан буй. Гутамшгийг ч байгаль өөрөө бий болгодог. Аливаа зүйл зэрэгцэн байж оршихуй өөрөө жинхэнэ оршихуй байж чаддаг шиг л зүйл.

Пискаревийн зүүдэнд өнөөх эмэгтэй хэзээ ч биеэ үнэлдэггүй, хуруу зузаан тоосонд дарагдсан тавилгатай байранд амьдардаггүй гоо үзэсгэлэнгийнхээ дүрээр орж ирдэг. Гэвч бодит байдал хананы цаад талын өөр ертөнцөд байлаа. Пискарев зүүдэндээ итгэж энэ ертөнцөд гайхамшигт чимгийг нь буцааж өгөхөө амлана. Нэг ёсондоо өнөөх бүсгүйг бузар амьдралаас нь салгаж өөрийнхөө эхнэр болгон аваад үнэн цагаанаар хөдөлмөрлөж сайхан аж төрөхийг хүснэ. Үүнийгээ бүсгүйд хэлдэг. Харин эмэгтэй хар бор ажил хийхээс татгалзана. Сайхан, муухай хоёр зэрэгцэн оршиж байвч тэд хэзээ ч ойртдоггүй. Адилхан цаг хугацаанд адилхан л баригдах биегүй муу, сайн зүйлүүд бидний оюун ухаанд оршсоор л байгаа. Гэхдээ тэд хэзээ ч нэгэн дор уулзалдахгүй. Хүн муу үйл сэдсэн бол мууг үйлдэнэ. Сайныг сэдсэн бол сайныг л үйлдэнэ.

Түүний зохиолын баатруудын гротеск (хачин жигтэй) байдлыг хэрхэн тодорхойлж болох вэ? Магадгүй дан гагц гротеск байдалтай нь харьцуулашгүй зөн совин, ид шид, совин билиг түүнд хэмжээлшгүй ихээр өгөгдчихсөн байх. Бага наснаас нь эхлээд л ээж нь түүний тархинд там, диваажингийн тухай гайхалтай төсөөлөллүүдийг тарьж, бордож өгсөн гэдэг. Тиймдээ ч Гоголь Укриан ардын домог, туульс, дуу хуурыг таашаах болсон биз ээ. Ид шид гэдэг бол далд ухамсрыг сэрээх хамгийн гол зүйл нь байсан байж таарна. Иймээс л Гоголь өөрийн оюун сэтгэхүйгээ бичгийнхээ өрөөгөөр чөлөөтэй нисгэж, үзгээрээ тэдгээр санаанаас шүүрэн бүтээлүүдээ туурвиж байсан нь гарцаагүй.

Орос, Америкийн зохиолч, шүүмжлэгч Владимир Набоков “Довтлон шунгах, элин халих. Хөл дөөр чинь гэнэтхэн л алам хар нүх онгойхыг, тэгтэл таныг ойчуулалгүй өндөр өргөсөн ид шидийн хөнгөн нислэгийг төсөөл дөө, энэ мэдрэмжээ замхрахад та зэргэлдээх нүхэнд нь ойчих болно. Ийм абсурд өгүүлэмж Гоголийн онгод байсан юм” гэжээ. Абсурд өгүүлэмжийнх нь хамгийн гайхалтай нь түүний “Шинель” хэмээх тууж болохыг уншигч дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Зүгээр ч нэг уншигчид бус оршихуйг ойлгож таньсан, реалистыг бүтээсэн олон суут зохиолчид хүлээн зөвшөөрсөн байдаг. Хамгийн том жишээ нь Достоевский билээ. Суут зохиолч маань “Бид бүгд Гоголийн “Хүрэм”-нээс гарч ирсэн” гэж хэлсэн байдаг. “Хүрэм”-нээс гарч ирсэн зохиолчдын тэргүүн эгнээд И.С.Тургенев бичигдэх нь дамжиггүй.

“Шинель” зохиол “Юуны... чухам ямар яамных нь вэ гэдгийг хэлэхээ болих уу даа” гэсэн өгүүлбэрээр эхлэх бөгөөд “Гэвч цагдаатай тааралдсан сүнс бол Акакий Акакиевичийг бодвол бавайсан урт сахалтай, хавьгүй өндөр гэх бөгөөд Обуховын гүүр тийш шөнийн харанхуй дундуур далд оржээ” хэмээн төгсдөг. Тун ойлгомжгүй эхлэл, төгсгөлүүд байгаа биз. Тиймээс тун ойлгомжтойгоор ярихыг хичээе.




Үнэндээ эл зохиолын агуулга маш товчхон л доо. Оросын хамгийн доод тушаалтай ядуу түшмэл өөрийнхөө оюун санааг устган, өөрийгөө дахин төрүүлнэ. Энэ нь түүний маш чухал шийдвэр гарган байж хийлгэсэн шинэ шинель юм. Гэтэл түүнийгээ хийлгэж өмссөн, бусдаар шагшин магтуулсан өдрөө л оргүй хоосон гудамжинд дээрэмдүүлчихэж байгаа юм. Үнэндээ залуус байсан л даа. Гэхдээ би хоосон гудамжинд дээрэмдүүлсэн, өөрийнхөө нээсэн шинэхэн ертөнцийг харанхуйд залгиулсандаа болоод харамсан гашуудаж үхсэн гэж сэтгэх дуртай. Эл зохиолын мөн чанарыг тайлахыг тулд Набоков шиг дээд зэрэглэлийн уншигч хүртэл “Алив, надад, ургуулан бодох, урнаар төсөөлөх авьяастай уншигчийг заагаад аль. Чухам түүнд зориулагдсан тууж юм шүү дээ, энэ чинь” гэсэн буй. Их зохиолч маань эл үгийг өөртөө л хэлж байсан хэрэг.

Акакий Акакиевич шинелиэ алдчихаад олж авахын тулд өөрт байгаа бүхий л хүч чадал, нөөц бололцоог ашигладаг боловч аль нь ч амжилтанд хүрэхгүй. Харин ч бүх зүйл түүний эсрэг, тэр өөрөө өөрийнхөө шинелийг хулгайлсан хэрэгтэн шиг л болчихно. Цагдаа үл тоомсорлосон байдалтайгаар “Яагаад тийм орой болсон хойно харьж явсан юм бэ. Өөрөө арай нүглийн байшингаар ороод явж байсан юм биш биз” хэмээнэ. Бараг л Акакиевич өөрөө хэрэгтэн болчихож байгаа биздээ. Нийгэм ийм л байсан хэрэг. Тиймдээ ч Гоголь тухайн үеийнхээ нийгмийн нөлөөнөөс болж, сэтгэл санааны гүн хямралд орсон бөгөөд 1852 онд нас барсан юм. Тэгэхээр нийгмийн бусармаг байдал суут зохиолч, найрагчдийг төрүүлдэг нь үнэн болой. Хэрэв ийм нийгэмд амьдраагүйсэн бол “Шинель” зохиогдох нь тун эргэлзээтэй. Мөнхүү Гоголь амьдралынхаа ихэнх өдрүүдийг Ромын тэнгэр дор өнгөрүүлсэн гэдэг. Гэтэл түүний сэтгэл зүрхэнд ямагт Орос орон, Невийн өргөн чөлөө байнга үзэгдэж, зохиолынх нь хамгийн том сэдэв болсоор байсан билээ.

Томоохон судлаачид Гоголийг “этгээд хүн” хэмээн тодотгодог. Угаас этгээд байгаагүйсэн бол үсчин Иван Яковлевич тарган, ууртай эхнэрийнхээ хийсэн шинэхэн талхан дотроос түшмэл Ковалевын хамрыг хэрхэн олох билээ. Үнэндээ энэ бол уран зөгнөлөөр дүүрэн абсурдизм биш. Реалист бус уран зохиолд ч хамаарахгүй. Оросын тэрс үзэлтэн зохиолч Э.Лимонов “Зөвлөлтийн хүнд сурталтнуудыг би мэдэхгүй байв. Тийнхүү би утга зохиолоос хайж эхлэв. Гоголь!хэмээн сэтгэлд харван орж ирлээ” гэж дуун алдсан байдаг. Тиймдээ ч “Хамар” тууж бол тухайн үеийн нийгмийнхээ үнэн дүр төрхийг цагаан цаасан дээр хачиргүйгээр зурж орхисон Гоголийн уран зураг юм. Тэрхүү дүр зураг нь оньсогоор дүүрэн байгаад жинхэнэ уран бүтээлийнх нь үнэ цэнэ тодрон гардаг. Зохиолд гарч буйгаар түшмэл Ковалевын хамар нь өөрийгөө хувцаслачихсан, тэр бүү хэл цол хэргэмтэй түшмэлийн зиндаанд хүрчихээд сүйх тэрэгтэй явж байдаг. Тэгэхээр Гоголь, Ковалевын хамрыг ашиглаж хэн нэгэн зальхай түшмэлийг зурсан болж таарч байна бишүү.

Харин одоо эргээд “Шинель”-рүүгээ оръё доо. Замын дэнлүүдийг асааж гэрэл гэгээгээр бүхний нүдийг гялбуулан хүмүүсийг үнэнээс холдуулан хуурч мэхэлдэг чөтгөрүүдийн тухай Гоголь “Невийн өргөн чөлөө”-нд хангалттай дурьдсан. Тэр чөтгөрүүд дахиад ч “Шинель” туужид амилсан байна. Ер нь юугаараа энэ тууж тийм алдартай болчихсон юм бэ? Энгийн л нэг амьдралын цаана ямар чөтгөр нуугдан суучихаад биднийг шоолон байгааг хүмүүст хэлж өгснөөрөө тэр үү! Эсвэл зүгээр л туужийн төгсгөлийн хэдэн цогцолборт өгүүлэгдэх Акакий Акакиевич сүнс болчихоод Калинкины гүүрийн ойролцоо хэрэн тэнүүчлэх болж, Петербург даяар алдаршиж байгаа нь уншигчдыг гайхшруулдаг гэж үү! Нөгөө талаар яг л энд үнэ цэнэ байгаа юм шиг санагдана. “Гэвч Акакий Акакиевичийн түүх ингээд дуусахгүй. Акакий Акакиевич хэний ч анхаарлыг таталгүй амьдарсныхаа шанд үхсэн хойноо хэдэн хоногийн турш шуугиан дэгдээх учиртай байсан гэж хэн зүүдлэх вэ дээ.”

Тиймээ. Энэ талаар хэн ч зүүдлээгүй. Гэвч үхсэний дараа л шинэ амьдрал эхэлж байна. Үхэгсдэд шинэ амьдрал байдаг үгүйг бид мэдэхгүй. Харин өөрсдийн уран санаанаас олж мэдэж, уран зохиолын үнэнийг бишрэн шүтэж, үүнд итгэж болно. Акакиевичийн сүнс ч мөн түшмэдүүдийг л хамгийн ихээр айлгадаг. Тэр бүү хэл шинелээ сүнсэнд дээрэмдүүлсэн хахир түшмэл ажилчидтайгаа үргэлж зөөлнөөр харьцах болсон байдаг. Түүнээс л хойш түүний сүнс үзэгдээгүйг гэрчлэх “Гэвч тэр цагдаатай тааралдсан сүнс бол Акакий Акакиевичийг бодвол бавайсан урт сахалтай, хавьгүй өндөр байсан гэх бөгөд Обуховын гүүр тийш шөнийн харанхуй дундуур далд оржээ” гэх өгүүлбэрээр эл алдартай тууж өндөрлөдөг. Хамгийн гол нь тэр нийгмийн бараан дүр зургийг өнгө будаггүйгээр зурсанд л учир байгаа юм шүү дээ. Дээр нь нэмээд тархинд нь үймж байсан эмх цэгцгүй хийсвэр санаануудыг гоолиг охидын нүүрэнд сэвх тодрох шиг цаас руу цацаад орхичихсон нь гайхамшигтай.

Хэзээ ч давтагдахгүй тэр мөчүүдийг Гоголь амтлан суухдаа Ромын тэнгэр дор домгийн сахиусан тэнгэр, хар хүчний эзэд, “Бөгжний эзэн”, “Титанчуудын тулаан”, “Харри Поттер” мэтийн туульс бус өөрийн эх орны хойд зүгийн нутгаар тохиолдох итгэмээргүй сонин үйл явдлуудыг л бичиглэн суусан Петербургийн совин билгийн дууч юм. Гэхдээ үүнийг тэр нэг л зүйлийн төлөө бичсэн. “Амьгүй албат нар”, “Тарас Бульба”-г ч тэр үүний л төлөө бичсэн. Энэ юу гээч! Гоголь ариун гэгээн бүхний төлөө л хорон санаат сүнсүүдийг Невийн өргөн чөлөөнд урин дуудсан хэрэг.
 
                                                                                                                                                                        Б.Алтанхуяг

Монгол брэнд