top banner
Шуурхай мэдээ

Бай Чун Ли: Хоёр орны шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах маш том орон зай бий


2017-05-02 20:24:23
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгчийн урилгаар БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Тэрбээр манай улсад анх удаа айлчилж байгаа бөгөөд БНХАУ-ын алдартай химич, нано-шинжлэх ухааны манлайлагч эрдэмтэн юм. Тэрбээр Хятадын ШУА-ийн Их сургуулийн Ерөнхийлөгч, Дэлхийн хөгжиж буй орнуудын ШУА /TWAS/ -ийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг бөгөөд 2011 онд Монгол Улсын ШУА-ийн гишүүнээр сонгогджээ. Түүнтэй уулзаж дараах асуултад хариулт авав.

-Та хоёр орны шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг шинэчлэн баталгаажуулахаар Монголд анх удаа айлчилж байна. Танд ямар сэтгэгдэл  төрж байна вэ?

-Өнөөдөр үдээс өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нартай уулзан, дараагийн хамтын ажиллагааны алхмын талаар тодорхой ярилцлаа. Шинжлэх ухаан, технологи, боловсрол, боловсон хүчнийг бэлтгэх талаар хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тогтлоо. УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс шинжлэх ухаан, технологи, инновацийг чухалчлан үзэж байгаа гэсэн бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, “Монгол Улсын хөгжилд бэлчээрийн доройтол, амьтан ургамлын судалгаа, нүүрсний химийн үйлдвэр зэрэг шийдвэрлэхээр хүлээж буй олон асуудал бий. Хоёр орны ШУА-ийн хамтын ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, УИХ гээд бүх шатанд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна” гэдгээ хэлсэн. Мөн БСШУС-ын сайдтай уулзаж, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдээр явж, мэргэжил нэгт нөхөдтэйгээ танилцлаа. Хамтарсан судалгааны ажлыг БНХАУ-ын “Нэг бүс- Нэг зам”, “Талын зам”, БНХАУ-Монгол-ОХУ гурван улсын эдийн засгийн коридор зэрэг томоохон төсөлд хэрхэн багтаж орох талаар ярилцсан. Төслийн хүрээнд хамтын ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар санал бодлоо солилцлоо. Энэ завшааныг ашиглаад Монгол Улсын Засгийн газар, УИХ, ШУА-ийн хамт олон маш сайхан халуун дотно хүлээн авсанд баярласан талархсанаа илэрхийлье.

-Сүүлийн үед БНХАУ-ын Шинжлэх ухааны ололт амжилт дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа. Энэ талаар онцгойлон дурдвал?

-БНХАУ-ын дарга Си Жинпин ард түмэндээ хандаж хэлсэн шинэ жилийн мэндчилгээндээ 2016 онд Хятадын дэлхийд гайхагдсан дөрвөн том амжилтыг нэрлэсэн. Эхнийх нь Хятадын “Тэнгэрийн нүд” хэмээх 500 метрийн диаметртэй дуран бүтээсэн. Энэ бол дэлхийн хамгийн том диаметртэй, дугуй хэлбэрийн дуран. Үүнийг хятадын ШУА хариуцаж Гүйжоу мужид байрлуулсан. Энэ дуранг сансар судлал одон орны станцаас голлон бүтээсэн. Үүнээс өмнө Америкт 305 диаметрийн дуран байдаг байсан бол бид 500 метрийн диаметртэй дуран бүтээлээ. Хоёрдугаарт манай ШУА өнгөрсөн 8 дугаар сард дэлхийн анхны мэдээллийн хиймэл дагуул болох "Dark Matter Particle Explorer"-ийг хөөргөсөн. Энэ нь дэлхий дээрх тандалтын хамрах хүрээ  хамгийн өргөнтэй. Мөн "Тиэнгүн-2 сансрын станц"-ыг "Шөньжөү-11 сансрын хөлөг"-тэй амжилттай холбосон. Энэ гурван бүтээлийг БНХАУ-ын ШУА-ийн эрдэмтэд гардан бүтээсэн. Энэ бол маш том амжилт. Иймээс гадаад дотоодын хэвлэл мэдээллийнхэн Хятадын шинжлэх ухааны ололт амжилтыг ар араасаа мэдээлж дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байлаа.

-Та өөрөө эрдэмтэн хүний хувьд Монголын судлаачдын шинжлэх ухааны хөгжлийн түвшинг хэрхэн харж байна вэ?

-Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын ШУА, судалгааны хүрээлэнгүүдээр явж байхад ажиглагдсан зүйл гэвэл боловсон хүчин залуужжээ. Ихэнх нь 40-өөс доош насны залуус, эмэгтэй судлаачид нэлээд хувийг эзэлж байна. Эрдэм шинжилгээнй ажилтнууд нь судалгааны ажилд онцгойлон хүч гарган ажиллаж байна. Тэдний англиар бичсэн эрдэм шинжилгээний бүтээлүүд их боломжийн юм. Тэд Хятадын ижил салбарын судлаачидтай хамтран судалгаа шинжилгээний ажил явуулахыг хүсч байна. Тухайлбал, нүүдлийн шувуу болон амьтдыг нутагшуулах талаар ярилцлаа. Хэдийгээр хоёр улс хил залгаа оршдог ч амьтан, ургамлын хувьд хил хязгаар байдаггүй. Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, амьтан, ургамлын судалгаа, нүүрсний химийн боловсруулалт зэрэг сэдвээр ярилцлаа. Ялангуяа нүүрсийг боловсруулан шингэн түлш гаргах асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд их анхаарч байна лээ.

-Хоёр орны ШУА-ийн хамтын ажиллагааны ирээдүйн хэтийн төлвийг хэрхэн харж байна вэ?

-Хоёр орны шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах маш том орон зай бий. Яагаад гэвэл манай хоёр орон өөр өөрийн гэсэн давуу талтай. Монгол Улсын хувьд газар нутаг уудам, хүн ам цөөн, газарзүйн хувьд Хятадтай төстэй тал бий. Тиймээс газарзүйн судалгааг эхлүүлэхэд хамтарч ажиллах боломжтой гэж үзэж байна. Энэ удаагийн айлчлалаар хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхой болголоо. Мөн эрдэмтэн солилцоо, залуу боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх талд Хятадын ШУА бүх чадлаа дайчлан ажиллана.

-Хятадын ШУА дэлхийн бусад хичнээн оронтой хамтран ажилладаг вэ?

-БНХАУ-ын ШУА нийт 50-иад улс оронтой хамтын ажиллагааны гэрээтэй. Үүнээс тодорхой сэдэв хамрах хүрээгээр өөр өөр улсуудтай өөр өөр түвшинд хамтран ажилладаг. Дэлхийн ШУА-ийн Ерөнхийлөгчийн хувьд би болон манай хамт олон хөгжиж буй улс орнуудын хөгжлийг урагшлуулах, улам гүнзгийрүүлэх талд шинжлэх ухааны түвшинд  Ази болон Латин Америк, дундад Ази, Африк, Өмнөд Америк, зүүн хойд Азийн 9 улстай түлхүү ажиллаж байна. Бид тухайн улсын эрдэмтэдтэй хамтран шинжлэх ухаан, техник технологи, инновацийн талд эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлж байгаа. Бидний хувьд судалгааны чиглэлд Латин Америкийн хувьд цаг агаар, цаг уур,  дундад Азийн хувьд өвс ургамал, экологийн тэнцвэрт байдал, Африкийн хувьд байгалийн баялаг зэрэг чиглэлээр судалгааны ажил хийж байна.
Ж.Болор
Б.Мөнхтуул
Гэрэл зургийг Б.Чадраабал

Сурталчилгаа
Монгол брэнд