top banner
Шуурхай мэдээ

АВС нь жилд улсын төсвөөсөө 1.22 тэрбум австрали долларын санхүүжилт авдаг


2017-05-03 05:02:27
Зураг
Брисбэн /МОНЦАМЭ/.Австралийн ABC өргөн нэвтрүүлгийн корпорацийн  Брисбэн хот дахь салбарын үйл ажиллагаатай Монголын сэтгүүлчид танилцлаа.

Автсрали улсын хувьд  ABC  өргөн нэвтрүүлгийн корпораци, Өргөн нэвтрүүлгийн тусгай үйлчилгээ буюу SBS гэсэн хоёр том агентлагтай. Үүнээс гадна арилжааны гурван телевиз, төлбөр төлөх үйлчилгээтэй 30 гаруй компани, ашгийн бус хэд хэдэн телевиз, станцууд үйл ажиллагаагаа явуулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухайд Австралийн муж бүр  өдөр тутмын сонинтой бөгөөд үндэсний хэмжээнд  “Австраличууд”, “Австралийн санхүүгийн зах зээл” гэсэн хоёр сонин гарч буй юм.

84 жилийн түүхтэй ABC корпорацийн хувьд 6 мужид томоохон салбартай төдийгүй улсын хэмжээнд нийт 52 нэгжтэй юм байна. Тус агентлаг нь төрөөс 100 хувийн санхүүжилт авдаг бөгөөд нийтлэлийн хувьд сенсацитай мэдээллээс ангид, олон нийтийн эрх ашигт нийцсэн даацтай мэдээллийг, мэргэжлийн өндөр түвшинд хүргэдгээрээ онцлогтой аж. Харин  SBS агентлаг дэлхийн дахинд  Австралийн тухай мэдээллийг түгээдэг байна.

Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас гаргасан 2016 оны судалгаагаар тус улсыг хэвлэлийн эрх чөлөөгөөр нь 180 орноос 19-д эрэмбэлсэн байна. Австралид хэвлэл мэдээллээр дагнасан Ньюс Корпораци, Фейрфакс медиа гэсэн хоёр том компани үйл ажиллагаагаа явуулж буй юм.



 Австралийн өргөн нэвтрүүлгийн корпораци АВС нь жилдээ улсын төсвөөс 1.22 тэрбум австрали долларын санхүүжилт авдаг байна. 1978, 1985 онд тус агентлагийн төсвийг танасантай холбогдуулан ажилтнууд нь тэмцэл өрнүүлж асуудлыг нааштай шийдүүлж байжээ.

 

ХЭЙДИ РЭКСИ: ABC-Г ЗАСГИЙН ГАЗАР САНХҮҮЖҮҮЛДЭГ Ч НИЙТЛЭЛИЙН БОДЛОГОД  НӨЛӨӨЛӨХ БОЛОМЖГҮЙ 


Брисбэн хот дахь ABC  Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн   Квийнсланд муж дахь салбарын Ерөнхий продюссер  Хэйди Рэксигээс дараах асуултад хариулт авснаа хүргэе.

-АВС агентлаг хичнээн сувгаар мэдээллээ түгээж байна. Сэтгүүлчид ямар зарчмаар ажилладаг вэ?

- Метрополис хотуудад ABC нэгжүүдээ байгуулсан бөгөөд Брисбэн хотын хувьд  Квийнсланд мужийг төлөөлдөгөөрөө онцлогтой. Манай мужийн АВС орон нутагт найман салбартай. Орон нутгийн нэгжүүд цахим нэвтрүүлэг бэлтгэх, тухайн бүс нутгийн мэдээллийг олон нийтэд шуурхай  хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Брисбэн дэх АВС-ийн төвд нийт 33 сэтгүүлч ажилладаг. Цахим буюу нийгмийн сүлжээг 40 гаруй хүн ажиллуулдаг. Манай байгууллага анх радиод түшиглэн байгуулагдсан бөгөөд одоогоор телевиз,  цахим сайт болон нийгмийн сүлжээ фэйсбүүк, твитер, инстаграмм ашиглан мэдээллийг түгээж байна. Сэтгүүлчдийн хувьд эхлээд фэйсбүүк, твитер, инстаграммаар товч мэдээллийг хүргэдэг. Үүний дараа телевиз, радио, вэб сайтаар дэлгэрэнгүй мэдээллийг нийтлэх зарчмаар ажиллаж байна. Гол онцлог нь тухайн сэтгүүлч цахим, радио, телевиз гэж ангилахгүйгээр бүх сувагт мэдээгээ бэлтгэн нийлүүлдэг.  АВС-д ажиллаж буй ихэнх сэтгүүлчид гэрээгээр ажилладаг. Онцгой үйл явдлын үед уртасгасан цагаар ажиллахдаа  тухайн цагтай тэнцэх амралтыг дараа нь эдлэдэг. Радиогийн хувьд цаг тутамд 2-3 мэдээ түгээдэг бол телевиз оройн 7.30 цагт мэдээгээ хүргэж байна. Харин орон нутгийн хувьд өөрсдийн цагаараа мэдээгээ түгээдэг.

-АВС -ийн   удирдлагыг ямар тогтолцоогоор сонгодог вэ. Нийтлэлийн бодлогод Засгийн газрын  зүгээс оролцох нөлөөлөл хэр байдаг бол?

- Хэдийгээр Засгийн газраас санхүүжүүлж буй ч нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс  оролцох боломжгүй.  Өөрөөр хэлбэл редакцийн хувьд бүрэн бие даасан учир нийтлэлийн бодлогод  Засгийн газар ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэсэн үг. Бие даасан удирдах зөвлөлөөс ABC-ийн захирлыг томилдог. Тиймээс бид  үйл ажиллагаагаа Засгийн газарт тайлагнадаггүй.



-Австрали дахь бусад хэвлэл мэдээллийн  хэрэгслээс АВС-ийн ялгарах гол онцлог нь юу вэ?

 - Өргөн хүрээг хамарсан ноцтой биш бол замын осол гэх мэт жижиг, сажиг гэмт хэргийн мэдээг тэр бүр  гаргадаггүй. Томоохон асуудлаар шүүх хурал болох гэж байгаа тохиолдолд тухайн мэдээллийг хүргэдэг. Нийтлэлийн бодлогын хувьд  улс төр, байгаль орчин, эрүүл мэндийн чиглэлийн мэдээллийг чухалчилдаг. Сэтгүүлчиддээ аливаа үйл явдлыг мэдээлэхийг чухалчлах бус  шинэ зүйлийг эрэлхийлж нийтлэх  ёстой гэсэн шаардлага тавьдаг. Арилжааны шинж чанартай хэвлэл мэдээллийнхэн гэмт хэргийн мэдээг голчилж байдаг бол ABC нийгмийг хамарсан дорвитой, асуудал хөндсөн мэдээллийг хүргэхэд чиглэдэг юм.Тухайлбал арилжааны сувгууд  хулгай,  далайн орчны бохирдол гэсэн жижиг асуудлыг түлхүү хөнддөг. Мөн  бид  хүмүүст тоон мэдээллийг хүргэхдээ судалгааны байгуулагуудын гаргасан график үзүүлэлтийг холбоос линкээр шууд түгээдэг.  Бусад хэвлэлээс ялгарах нэг онцлог нь  нийслэл, орон нутаг дахь идэвхтэн бичигчдээсээ  мэдээлэл авч эргэх холбоотой ажилладаг.

-Танай сувгууд мэдээний оргил үеэр иргэдэд дунджаар хичнээн мэдээ хүргэдэг вэ. Нэг сэтгүүлч өдөрт хэдэн мэдээ бэлтгэн нийлүүлж байна?

- Радиогийн өглөөний хөтөлбөрөөр 5-6 мэдээг дамжуулж байна. Телевизийн хувьд оройн 7.45 цагт мэдээгээ шигшиж гаргадаг. Мэдээний сурвалжлагч нарт өдөрт хийх мэдээний тоо тогтоодоггүй. Хамгийн гол нь шинэ соргог мэдээллийг иргэдэд хүргэх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл манай сэтгүүлчид тооны араас хөөцөлддөггүй. Түүнчлэн сэтгүүлчдийн ажлыг  үр дүнгийн гэрээний дагуу дүгнэдэг.



-Аливаа улс орны хувьд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэхэд бэрх байдаг. Танай байгууллагын хувьд эрэн сурвалжлах сэтгүүл зүй ямар шатанд явж байна?

- Манайд эрэн сурвалжлах алба  байгуулаад удаагүй байна. Одоогоор  гурван сэтгүүлч ажиллаж байгаа. Дотроо хөдөө аж ахуй, уул уурхай гээд салбар тус бүрээр төрөлжсөн.Тэдэнд эх сурвалжаа бататгахад хангалттай цаг гаргаж өгдөг.

-Дэлхий дахинд цахим ертөнц хөгжиж байна. ABC  өргөн нэвтрүүлгийн корпорацийн хувьд цахим хувилбарт хэр анхаарал хандуулж байна. Танай байгууллагын олон нийтийн сүлжээнд хичнээн хүн ханддаг вэ?

 -Цахим контент бол байнга шинэчлэгдэж байдаг зүйл. Олон платформ ашиглан цахим хуудсаараа дамжуулан 24 цагийн турш мэдээгээ цацах боломжийг бүрдүүлсэн. Олон нийтийн сүлжээгээр дамжуулан аль болохоор их хэмжээний мэдээллийг түгээхийг зорьдог. Мөн нийгмийн сүлжээгээр дамжуулан  сэтгүүлчдийг  цагт хоёр  шинэ мэдээ хүргэх шаардлага тавьдаг. Үүнээс гадна олон нийтийн сүлжээн дэх эх сурвалжийг үнэн, худал эсэхийг нягтлах баг ажиллаж байгаа. Инстаграммаар дамжуулан амьтдын зургийг хүргэдэг.  Дээрх баг  постоор мэдээ дамжуулж буй хүмүүстэй цаг алдалгүй  холбогдож үнэн худлыг тодруулдаг. Вэб сайтын хувьд 3.3 сая дагагчтай. Нийгмийн сүлжээнд   хоёр сэтгүүлч өглөөний таван цагаас шөнийн 01.00 цаг хүртэл ээлжтэй ажилладаг. Бүсийн хэмжээнд дижитал мэдээллийг бэлтгэх редактор, сэтгүүлчид, техникийн ажилтнууд гээд нийт 100 гаруй хүн ажиллаж байгаа. 

-Цахим ертөнцийн хурд телевизийн үзэгч, радиогийн сонсогчийн тоог бууруулж байгаа. Танай агентлагийн хувьд үзэгч, сонсогчдын тоог бууруулахгүйн тулд юу хийж байна вэ?  
 
-Тиймээ. Цахим ертөнц хөгжиж буйтай холбоотой телевизийн үзэгчид буурч байгаа. Өөрөөр хэлбэл интернетийн сувгууд үзэгчдийг булааж байна. Тиймээс бид телевизийн тусгай нэвтрүүлгүүд гаргаж байгаа. Тухайлбал радиогийн сонсогчдын тоог өсгөхийн тулд  залуучуудад зориулсан тусгай хөтөлбөр гаргасан нь үр дүнгээ өгсөн. Буурч байсан сонсогчдын тоо эргээд өссөн сайн  мэдээ бий. Оройны 7, 9 цаг бол мэдээний оргил үе. Телевизийн оройн 7 цагийн мэдээг 55- аас дээш насныхан их үздэг. Тиймээс дээрх цагуудад чухал мэдээллийг хүргэхийг чухалчилдаг.



- АВС зар сурталчилгаагаар мөнгө олдог уу?

-Зар сурталчилгаанд  түшиглэдэггүй.  Харин бие даасан нэвтрүүлгүүдээ худалдаж орлого олдог.

-Орон нутгийн АВС-гийн нэгжүүд хэдэн хүний орон тоотой ямар зарчмаар ажиллаж байна  вэ?

- Орон нутгийн нэгжээс  өргөн хүрээтэй мэдээгээ төв оффис руу шууд дамжуулдаг. Мөн орон нутгийнхаа цагаар мэдээгээ тухайн бүс нутагтаа нэвтрүүлж байна. Твүүмба хотын хувьд  хоёр сэтгүүлч нэг редактор ажиллаж байна. Тэд өдөртөө цахим сүлжээгээр 12-15 мэдээ бэлтгэн цацдаг. Тэнд ажилладаг  хоёр сэтгүүлчийн хувьд цахим хуудас, радио, телевизэд мэдээгээ бэлтгэж монтажлах, дуу оруулах гээд бүх талын хөрвөх чадвартай гэдгээрээ онцлогтой.  Энэ жил Твүүмбагийн АBC-гийн сэтгүүлч Эли Брадфилд   Австралийн үндэсний сэтгүүл зүйн дээд шагнал болох “Walkley” хүртсэн. Энэ бол орон нутгийн сэтгүүлчдийн чадварыг харуулж буй явдал юм. Мөн орон нутгийн сэтгүүлч хүсвэл АВС-гийн төвд ажиллах боломжтой.

-АВС агентлаг иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

-“Фокус бокс”  гэдэг иргэдийн үгийг сонсох  тусгай хөтөлбөртэй. Гэхдээ ганцхан иргэний үгээр мэдээллийг бэлтгэх нь өрөөсгөл юм.  Өөрөөр хэлбэл иргэдийн үг шинжлэх ухаанч, барьцтай мэдээ болж чаддаггүй. Тиймээс иргэдийн санал сэтгэгдлийг авдаг судалгааны байгууллагуудын  санал асуулгын дүнг мэдээллэдэг.

-Австраличуудын хувьд АВС-гийн мэдээг хэр баталгаатай эх сурвалж гэж үздэг вэ?

- АВС-гийн цахим хуудас  цар хүрээ, хандалтаараа улсын хэмжээнд “Newscom”  сайтын дараа буюу хоёрт жагсаж байна. Сонгууль,  байгалийн хүндрэл буюу хар шуурга болоход  манай байгууллага руу ханддаг. Энэ нь нэг номерын баталгаатай эх сурвалж гэдгийг илтгэдэг. Мөн судалгаагаар  иргэдийн 69 хувь нь манай цахим мэдээг баталгаатай гэж дүгнэсэн.

Квийнсланд муж Брисбэн хот Б. Заяа 

Монгол брэнд