top banner

БААТАР ХОТЫН БААТРУУД


2017-05-03 10:32:26
Зураг

ШАР БАЙШИН ДАХЬ АМЬДРАЛ

Өдгөө Улаанбаатар хотын хүн амын тоо сая хол давжээ. Удахгүй хоёр сая хүн дөрвөн уулынхаа дунд аж төрөх цаг энүүхэнд ойрхон байх шиг санагдана. Хүний амьдрал юм хойно энэ бүх хүмүүс аз жаргалтай, сайн сайхан яваа гэвэл жинхэнэ үлгэр болох биз. Тэдэнд сэтгэл бухимдуулсан асуудал, шийдвэрлэж чадахгүй бэрхшээлүүд өдөр бүр тулгардаг. Ихэнх нь асуудалтай нүүр тулж, түүнийгээ шийдэж амьдардаг ч гэлээ “хувь тавилан”-гийн эрхээр ч гэх үү өөрийнхөөрөө шийдвэр гаргаж, үзэл бодлоо илэрхийлж, гүйж харайж чадахгүйгээр үл барам улсынхаа нийслэлд амьдран буй гэдгээ төсөөлдөггүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч бий.

Өнгөрсөн оны сүүлээр Статистикийн газраас Монгол Улсын хүн амын 2.97 хувь нь буюу 80 мянга орчим хүн хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь тогтоогдсон. Энэ нь өмнөх онуудтай харьцуулахад харьцангуй буурсан үзүүлэлт юм. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маш их хүндрэл, бэрхшээлтэй асуудлууд байдаг. Харин Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд тохирсон төрийн үйлчилгээ, нийтийн тээвэр, зам, барилга, орон сууц, мэдээлэл хүртээмжгүй байгааг уншигчид сайн мэдэх биз ээ.
Юуны учир энэ бүхнийг дурдав гэхлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрсдийн зүгээс тусламжийн гараа сунгаж тэднийг асран хамгаалж, хамтран амьдардаг нэгэн гэр бүлийн түүхийг өгүүлэх гэсэн юм.

Манай агентлагын сурвалжлах багийнхан “Ачлалт хүүхдүүд” ТББ-ын зорин хорооллын эцэс рүү бидэнд өгсөн хаягийн дагуу хүрч очсон билээ. Тус төвийг үүсгэн байгуулсан Б.Саранбаатар, хань Я.Болороогийнхоо хамт инээмсэглэл цацруулсаар угтаж авсан юм. Тэд 2016 оны  4 сарын 8-ны өдөр “Ачлалт хүүхдүүд” төвийг нээсэн бөгөөд өдгөө 6 асрагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар тус төвд хөгжлийн бэрхшээлтэй 24 иргэн амьдарч байгаа бөгөөд Я.Болороо эгч “Энэ бол асрамжийн газар биш. Бид нэгэн гэр бүл. Энд эмчилгээ, сувилал хийгддэг, өвчтэй хүмүүсийн асран халамжилдаг боловч эмнэлгээс тэс өөр. Энд эмчлүүлж байгаа хүмүүс манай гэр бүлийн нэг гишүүн учраас бид хамт кино үздэг, гадуур зугаалдаг, төрсөн өдрөө тэмдэглэдэг. Амьдралын хамтдаа туулж, тэмцэж амьдардаг” хэмээсэн юм.

Б.Саранбаатар, Я.Болороо хоёрт бусдад илүүчлэх эд хөрөнгө, албан тушаал байхгүйн дээр өндөр дээд эрх мэдэл ч үгүй. Тэд өмнө нь хоёр өрөө байранд хүү С.Цэлмэг, охин С.Хүслэн нарынхаа хамт дутагдах, гачигдах зүйлгүй амьдардаг байв. Гэвч өөрсдийгөө болгоод л зүгээр суухыг хүсээгүй ажээ. Анх хүнд туслах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн гэртээ байлгаж, асран хамгаалдаг байв. Сүүлдээ хүн нэмж авсаар гэрт нь багтахаа больж өөр байр хөлслөх хэрэгтэй болжээ. Ингээд л “Ачлалт хүүхдүүд” хэмээх нэгэн айлын амьдралын шинэ түүх эхэлсэн байна.

Өглөөнөөс орой болтол зургаан асрагч ээлжлэн өвчтэй хүмүүсээ асарч тойлох, хооллохоос авахуулаад цурам хийлгүй ажиллана. Энэ ажилдаа бүгд дуртай учраас ажил хийж байна гэх бодол толгойд нь ордоггүй гэнэ.

Английн нэрт зохиолч Теодор Драйзер “Жэнни Герхардт” романдаа “Хүний чин зүрхний сайхан сэтгэлээс өөр бодитой мөнх юм гэж ер үгүй. Бусад бүх зүйл зүүд зэрэглээ мэт билээ” хэмээсэн байдаг. Энэ үг Б.Саранбаатарын гэр бүлд л зориулагдсан шиг санагдана. Шил толь болсон хотын өндөр өндөр барилгууд бус хорооллын эцсийн жижигхэн шар байшинд жинхэнэ амьдрал өрнөж байв.

ЗӨВ ЯВАА ЦАГТ АМЬДРАХ ИТГЭЛ БӨХДӨГГҮЙ

“Ачлалт хүүхдүүд” ТББ-ын эмч, Я.Болороотой хөөрөлдлөө.  

-Аливаа зүйл ямар нэгэн шалтгаантай байдаг. Энэ бүх ажлыг хэрхэн эхлүүлж байв. Тэр цэг дээрээс яриагаа эхлэх үү?

-Тэгэлгүй яахав. Мэдээж эхлүүлж байсан тэр цаг мөчийг дурсахад надад ч сайхан байх болно.  Анх 2015 онд би Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд дуудлагын эмч хийдэг байлаа. Энэ үед нөхөр маань өөрийн эрхэлдэг хувийн бизнестэй болохыг хүссэн. Асрамжийн төв гэдэг зүйлтэй ямар ч холбоогүй эхэлсэн юм. Тэгээд анх судалгаа хийгээд хэвтрийн өвчтэй хүмүүс манай оронд маш их байна. Тиймээс хүмүүсийг асарч сувилдаг,  тодорхой хэмжээний төлбөр авч эмчилгээ хийдэг “Өндөр настны гэр” гэдэг нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Нөхөр маань өөрөө бас эмч мэргэжилтэй учраас бүх үйлчилгээг хүмүүст үзүүлж, асрагч, сувилагч нар авч ажиллуулж байсан.

-Та үйл ажиллагаанд нь оролцдоггүй байсан хэрэг үү?

-Тийм. Би өөрийнхөө ажил, ар гэртээ л анхаарлаа хандуулдаг байсан. Ингээд анхны асаргааны төвөө нээж хөгжлийн бэрхшээлтэй 10 хүн эмчүүлсэн. Яг тэр үед дүүрэг хороодын нийгмийн ажилтнууд холбоо барьж “Манай хороонд хэвтрийн, асран хамгаалагчгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Танай төвд эмчлүүлэх гэсэн юм. Хэд хоногоор авч, асран халамжилж өгөөч. Батсүмбэрийн асрамжийн газар тэтгэвэрийн зээлтэй учир авахгүй байна” гэх хүсэлт их олон ирсэн. Тухайн үед нөхөр маань “үгүй” гэж хэлж чадахгүйгээр өнөөх хүмүүсийг төлбөр мөнгөгүй авч, асран халамжилж эхэлсэн. Сүүлдээ байрандаа багтахаа больж эхэлсэн. 10 хүний тав нь үнэ төлбөргүй хэвтэж, эмчлүүлж байсан болохоор түрээс, тог ус, хоол унднаас авахуулаад зардлаа дийлэхээ больж эхэлсэн. Тэр үед хоёр хүнийг гэртээ авчраад хамт амьдарч эхэлсэн. Гэтэл дахин нэмэгдэх магадлалтай болсон. Би дотроо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төв гэж зайлшгүй байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Ингээд түрээсийн байр олж “Ачлалт хүүхдүүд” гэсэн нэртэйгээр анх 17 хүн авч асрамжийн төвөө нээсэн дээ.

-Анх хаана түрээсийн байранд орсон юм бол?

-Баянхошуунд нэг байр түрээсэлсэн. Асрамжийн газар гэх нь буруу л даа. Үргэлж дэргэд нь цуг байсаар сүүлдээ бүр энэ хэдэн хүмүүстээ дасчихаад байгаа юм. Бид гэр бүлийн л хүмүүс гэж боддог.

-Энэ бүх хүний эмчилгээ, хоол ундны зардал, байрны түрээсийн мөнгө зэргийг хувиасаа гаргадаг гэсэн. Зарим хүмүүс энэ их хямралын үеэр заавал ийм ажил эрхэлж байна гэхээр цаана нь ашиг байж л таараа гэж хардаж байх шиг. Ер нь хэрхэн мөнгө олж байна вэ?

-Харин хүмүүс тэгж боддог. Бидэнд хүмүүс юу ярих нь хамаагүй. Хүн хэзээд өөрийн гэр бүл, улс эх орныхоо төлөө амь амьдралаа зориулдаг. Бид хоёр ч ялгаагүй. Гэхдээ энэ тухай яривал их урт түүх болно.

-Би харин тэр түүхийг тань л сонсмоор байна. Уншигчид маань үүнийг хүсч байгаа шүү дээ.

-Баянхошуунд хөлсөлдөг байр маань хоёр давхар учраас нэг талд нь найман нэрийн дэлгүүр нээсэн. Асрагчид лангуун дээрээ ээлжлээд суучихна. Ингээд нэг хэсэг мөнгө олох гэж үзсэн. Нөгөөтэйгүүр “асаргааны ажил” хийдэг. Бэртэж, гэмтсэн хүмүүс эмнэлгээс гарсан ч удааны хугацааны асаргаа шаардлагатай байдаг. Тийм хүмүүсийн ар гэрийнхэн манай төвд ханддаг. Тиймээс нөхөр бид хоёр ээлжилж шөнө оройн цагаар асаргааны ажил хийж мөнгө олдог.

-Аливаа зүйл хоёр талтай байдаг. Ажлын тань хүндрэлтэй тал нь юу вэ?

-Байнгын асаргаа шаарддаг. Манайд ихэнх нь хэвтрийн хүн эмчүүлж байгаа. Харвалт өгөөд саажилттай болчихсон 2, төмөр замд ажиллаж байгаад хөлөө тайруулсан нэг өвгөн бий. Бүгд ямар нэг өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд орсон хүмүүс. Байнга дэргэд нь байж асарч тойлохгүй бол болдоггүй. Гэхдээ тэд минь өөрсдөө аль болох л асрагч нараар үйлчлүүлэхгүй өөрсдөө аливаа юмыг хийх гээд зүтгэдэг. Энэ нь надад маш их эрч хүч өгдөг. Би төрсөн нь үнэн, үхэх нь үнэн гээд бүх хүмүүс амиа хорлох тухай боддоггүй биз дээ. Тэд ямар нэгэн итгэл найдвар өвөрлөж амьдралтай тэмцдэг, тэмцэж амьдрах ямар амттайг зарим нэг эрүүл саруул биетэй ч өөрт байгаа зүйлээ үнэлдэггүй зарим хүмүүсээс илүү сайн мэднэ.

-Та миний энэ асуултыг битгий хүндээр тусгаж аваарай. Мэдээж өөрийг нь асарч хамгаалдаг хүнд өвчтөн нь баярлаж, талархснаа илэрхийлэхэд тухайн хүний сэтгэл санаа үргэлж өөдрөг, сайхан байдаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань зарим нь сэтгэцийн өвчтэй хүмүүс. Харилцахад ер нь хэцүү байдаг уу?

-Зөвөөр ойлголгүй яахав. Хамт байсаар байгаад дасчихсан болохоор ер хэцүү санагддаггүй. Анх харилцахад ч надад эвгүй мэдрэмж төрж байгаагүй. Ер нь ихэнхи нь  талархаж байгаагаа илэрхийлэх чадваргүй. Гэхдээ энэ дунд халамжийн мөнгө авдаг, хааяа нэг дэлгүүр орчихдог хүмүүс байдаг. Нэг удаа нөхөр бид хоёр ажилдаа яваад ирсэн чинь нэг нь халамжийн мөнгөө авчихсан, бөөнөөрөө нийлж хоол хийгээд надад нэг набор, нөхөрт  маань татдаг тамхинаас нь авчихсан байсан. Тэр үнэхээр их сэтгэл хөдөлж, баярлаж байсан. Хүний сэтгэл гэдэг чинь жаахан зүйлд л баярлаж, догдолдог, гуньж гутардаг шүү дээ. Гэхдээ зөв яваа цагт амьдрах итгэл бөхдөггүй юм билээ.

Я.Болороо эгч ярианыхаа төгсгөлд ингэж хэлэв. Уйлж, дуулдаг, баярлаж, гуньдаг л хүний хорвоо. Гэхдээ “зөв яваа цагт амьдрах итгэл бөхдөггүй”. Ингэж ухаарсан, амьдралын таньж чадсан монгол хүн сүү шиг цагаан сэтгэлтэй байхаас яах билээ гэж бодогдоно. Хүн ирж, буцаж, модод гөлөглөж, дараа нь навчсаа гөвж Улаанбаатарын дээгүүр үүлс нүүж, цас бороо холилдон орсоор Монголын эгэл бор өдөр хоногууд урсан өнгөрсөөр л байна. Ийм л эгэл атлаа дурламаар сайхан хотод минь хэн ч мэдэхгүй, мэдсэн ч зарим нь тоодоггүй, өөрсдөө ч бусдад тоогдох тухай боддоггүй сайхан сэтгэлтэй эгэл баатрууд аж төрөн сууж байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН УЛСЫН АСРАМЖИЙН ТӨВТЭЙ БОЛЦГООЁ

Энд хорь гаруй хүн эмчүүлж байна. Тэдний ихэнх нь өвчин зовлонгүй, эрүүл саруул мэт харагдана. Зарим нь өөдөөс харж инээмсэглээд харцаараа “Сайн байна уу та” гээд мэндчилж байх шиг.

Хамгийн түрүүнд би Г.Дугар гуайтай уулзсан юм. Өдгөө 63 насыг зооглож буй энэ ах “Өвчин зовлон гэхээр зүйл ахад нь алга. Энд ирж эмчилгээ хийлгээд бие тэнхрээд сайхан болчихсон. Ах нь Хэнтий аймгийн Бэрхийн уурхайгаас ирсэн. Хамаатан садангүй, ганц бие хүн чинь ганцаардаад хэцүү юм билээ. Гэр орон маань ч үгүй болсон. Тэгээд л энэ төвд хандасны ачаар шинэ гэр бүлтэй болоод сайхан байна. Бие гэхээс илүү сэтгэл өвддөг байсан. Одоо харин эрүүл болсон. Ярилцаад суух найз нөхөдтэй байх л аз жаргал юм даа” хэмээв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ихэнх нь хүнтэй чөлөөтэй ярилцах, үзэл бодлоо илэрхийлэх тал дээр сул учир тэр болгонтой уулзаж хөөрөлдөж чадсангүй.

Асран хамгаалагчид нь цалин, мөнгө гэлтгүй өөрсдийнхөө зав зайтай үед байнга өвчтөнүүдийнхээ дэргэд байж халамжилдаг гэнэ. Нэг нь өвчиндөө зовиурлаж шаналвал бусад нь дагаад гуниглачихдаг учир сэтгэл санааг нь сэргээхэд хэцүү байдаг тухай Б.Саранбаатар ах ярив.

Тэд анх дээр дурдсан Баянхошууны байшинд 2-3 жил амьдрахаар гэрээ байгуулсан ч хэдхэн сар болгоод эзэд нь хөөгөөд гарчихсан гэнэ. Уг нь өөрсдөө засвар хийж, зарим талбайг нь үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой хүртэл болгочихсон байж ээ. Гэтэл яг ид өвлийн хүйтнээр хорь гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ аваад гудманд гарах болсон нь Б.Саранбаатар, Я.Болороо нарт хүндээр туссан нь мэдээж.

Гэхдээ Я.Болороо эгч энэ тухай “Яахав дээ, би сайн талаас нь харъя л гэж боддог юм. Тухайн байрыг түрээсэлж байхад манай нэг эмчлүүлэгч удаан хугацааны хүнд өвчний улмаас таалал төгссөн. Басхүү олон нийт  саажилттай хүмүүсээс жийрхдэг юм билээ. Тэгээд ийм хүмүүс байшиндаа амьдруулмааргүй байна гэсэн. Нэг талаараа бас зөв байлгүй дээ. Хүний сэтгэл янз янз шүү дээ” гэж тайвуухан өгүүлэв.

Ямартаа ч өвлийн тэсгим хүйтнээр дамнуурга дамжлан  хүмүүсээ зөөж гүйсээр одоогийн хоёр давхар шар байшинд оржээ. Харин эзэд тэдний сайн үйлсийг дэмждэг гэнэ. Гэлээ ч эцэстээ өөрийн бус өрөөлийн гэрт л амьдарч байгаа хэрэг гээд тэд санаа алдав.

Харин энэ жилээс ядаж 100 хүн хүлээн авах хүчин чадалтай асрамжийн газар барихаар зориглож буйгаа дуулгалаа. Зураг төслөө гаргаж, судалгаа хийж үзсэний эцэст 500 сая төгрөг шаардлагатай болохыг тогтоосон байна. Барилгын ажлаа энэ сарын сүүлээр эхлэх бөгөөд анхны эх хөрөнгийг өөрсдийнхөө гэрийг зарж босгохоор болсон гэнэ. Тэгээд шинэ гэртээ 100-гуулаа болж аж төрнө дөө гэж итгэл дүүрэн хэлэв.



Өнөөдөр асрамжийн газарт байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд 18 нас хүрээд очих газаргүй болдог байна. Тэдэнд өөрсдийн гэр орон, ажиллах хөдөлмөрийн чадавхи үгүй. “Тэр хүүхдүүд насанд хүрч асрамжийн төвөөс гараад хаана очдог бол гэж бодохоос сэтгэл минь үнэхээр их өвддөг” гэж Болороо эгч хэлэв.

Тэгээд эцэст нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улсын асрамжийн төвтэй болцгооё. Би үүнийг л хүсч байна” гэсэн юм. Гэхдээ эцсийн зорилго нь энэ биш. Учир нь бусдыг гэх сайхан сэтгэл нь хэзээ ч ширгэж алга болохгүйд л хамаг учир оршино. Яагаад гэвэл улсын асрамжийн газартай болчихвол өнөөдрийнхөөс илүү олон хүнд тусалж, тэдэнд амьдралын гэрэл гэгээг бэлэглэх нь л энэ гэр бүлийн мөрөөдөл билээ.
 
Сурвалжилсан: Б.Алтанхуяг
Гэрэл зургийг: Н.Батбаяр
 

Монгол брэнд