top banner
Шуурхай мэдээ

Насанд хүрээгүй этгээд гэмт хэрэгт холбогдох нь их байна


2017-05-05 15:49:53
Зураг
 Увс /МОНЦАМЭ/Аймгийн Прокурорын газрын 2017 оны 1 дүгээр улирлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэргийг 2016 оны байдлаар судалж үзсэн байна. Өнгөрөгч онд 345 хэрэгт эрүүгийн хэргийн дугаар олгосноос 13 гэмт хэрэгт 27 этгээд холбогдсон буюу нийт гэмт хэргийн 3.7 хувийг насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэг эзэлжээ.
Гэмт хэргийг нутаг дэвсгэрийн харъяаллаар авч үзэхэд Улаангом, Тэс сумдад 6, Сагил суманд 4, Зүүнхангай, Хяргас сумдад 3, Баруунтуруун, Цагаанхайрхан суманд 2, Наранбулаг, Өмнөговь, Зүүнговь, Түргэн, Өндөрхангай суманд тус бүр 1 гэмт хэрэг гарсан байна. Гэмт хэргийн гаралтын хувьд Улаангом суманд нийт гэмт хэргийн 46.6 хувь нь үйлдэгдсэн нь гэмт хэргийн гаралт аймгийн төвд их байгааг харуулжээ. Дээрх хэргүүдийг шийдвэрлэхдээ шүүхээс 15 этгээдэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, 3 этгээдэд хорих ял оногдуулж хорих ял эдлүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн байна. Насанд хүрээгүй этгээдүүд гэмт хэрэгт холбогдсон байдлыг судлан үзэхэд нэг нэгийгээ дагаж дуурайдаг, компьютер тоглоом тоглох зорилгоор бусдын эд зүйлийг хулгайлдаг, эцэг эхийн хараа хяналт сул зэрэг асуудал нөлөөлсөн аж. Цаашид насанд хүрээгүй этгээдүүдийг гэмт хэрэг зөрчилд холбогдуулахгүй байх талаар сумдын сургуулиудын ахлах ангийн сурагчдад яриа таниулга хийх, урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлэх шаардлагатай хэмээн аймгийн Прокурорынхон үзэж байна.
Б.Батхүү

Сурталчилгаа
Монгол брэнд