top banner
Шуурхай мэдээ

Өнгөрсөн онд малын хулгайн хэрэг 32 гарчээ


2017-05-05 16:02:49
Зураг
 Увс /МОНЦАМЭ/ Аймгийн Прокурорын газраас 2016 онд 343 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсанаас Малын хулгайн гэмт хэрэг 32 гарсан байна. Үүнд прокуророос яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоол баталж шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн эрүүгийн 4 хэрэг эрүүгийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд зохих ял шийтгэлийг оногдуулжээ.
Улаангом суманд хамгийн их буюу 7 малын хулгайн хэрэг гарч прокурорын шатанд 6 хэрэг шийдвэрлэгдэж, 1 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Мал хулгайлах гэмт хэрэг 2016 онд Малчин, Тэс, Тариалан сумдад 4, Сагил суманд 3, Өндөрхангай, Наранбулаг, Түргэн, Ховд суманд 2, Зүүнхангай, Баруунтуруун, Өлгий, Цагаанхайрхан, Зүүнговь суманд тус бүр1 гарсан байна. Малын хулгайн гэмт хэргийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр эрүүгийн хэргийг түдгэлзүүлж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх ажил хангалтгүй байгааг харуулж байгаа аж. “Цаашид хууль хяналтын байгууллагууд хамтран энэ төрлийн гэмт хэргийг гаргахгүй байх үүднээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга тогтмол хийж хэвших, мал бүхий иргэдийн зүгээс малаа хариулгагүй бэлчээхгүй байх, хараа хяналтыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч ажиллах, мөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нөхөн илрүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна” аймгийн Прокурорын газраас манайд мэдээллээ.
Б.Батхүү

Монгол брэнд