top banner
Шуурхай мэдээ

Үндэсний цөөнхийг нийгэмшүүлэх, эрдэм шинжилгээний цогцолбор хэрэгтэй болжээ


2017-05-08 16:30:30
Зураг
Манай сургуульд  2016-2017 оны хичээлийн жилд  323 хүүхэд суралцаж байна. Түүнээс 160 гаруй хүүхэд тохилог дотуур байранд амьдрадаг гэж 29 дугаар тусгай сургуулийн танилцуулагад дурьджээ. Энэ сургуулийн эргэн тойронд сүүлийн хэдэн долоо хоног дээрхийн адил албан ёсны мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсангүй.

Харин сурагч, багш, эцэг эхийн төлөөлөл гэсэн гурван эх сурвалжаас таагүй мэдээлэл нийгэмд их түгэв.Энхүү мэдээллийг ухах төнхөх үүднээс тус сургуулийн үүдийг татсангүй. Нийгэмд дэгдсэн  сенсаац энэ хамт олонд хэрхэн дарамт болсон гэдэг үүднээс зарим нэг багшийн амнаас үг сонсох санаатай очлоо. Сургуулийг тойрсон сенсааци биеийн тамирын багш 12 дугаар ангийн ганц нэг сурагчтай таагүй харилцсанаас үүдэлтэй гэж ганц нэг хүн амнаасаа үг унагах төдий байв.

Биеийн тамирын багшийг бөхийн сургуулиар голчлон бэлтгэдэг нь дунд сургууль тэр дундаа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заах арга барил нь тохирдоггүй юм болов уу гэж зарим нэгээс нь асууж үзлээ. Биеийн тамирын багшийн заах аргын талаар онцгойлон авч үзэхгүй бол бөхийн сургууль төгссөн тамир тэнхээтэй залуучууд сургууль багш нарын нэр хүндийг сэвтүүлээд байх юм биш биз дээ.
Хэдэн жилийн өмнө АШУҮС-ийн шинэ оюутан биеийн тамирын багшийн буруу шаардлагаас  болоод хүнд байдалд орсон талаар нийгмээрээ шуугаад өнгөрсөн. Гэтэл 29 дугаар сургуулийн багш нарын чихийг биеийн тамирын багш нь халууцуулав.  

Яам дээд газраас нь тус сургуулийн  онцлогийг харгалзан үзэхгүй байдгаас ,ердийн ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтын стандартаар сургал явдуулах хэргтэй болдог. Гэтэл энэ хоёр чинь тэнгэр газар шиг өөр орчин шаарддаг өөрийн өвөрмөц онцлогтой. Тухайлбал энэ  сургууль   өөрийн онцлогтоо  тохирсон бэлтгэл ангитай байсан боловч түүнийг дунд сургууль угаасаа бэлтгэл ангигүй болсон гэдэг үндэслэлээр тухайн бэлтгэл ангийг байхгүй болгосон аж.

Сонсголын бэрхшээлтэй хүүхэд бэлтгэл ангитай байх нь багш, сурагч хоёрыг шинэ орчинд нь дасгадаг сайн талтай байсан байна. Гэтэл ийм ангигүй болсоноор бичгийн дасгал сургуулийг тодорхой хугацаанд хийхгүй, сурагчид  шууд  цагаан толгой үзээд эхлэхээр хэн хэндээ хүндрэлтэй байдаг талаар бага ангийн багш нар ярьж байна.

Нөгөө талаар дунд сургуулийн долдугаар ангид математик, монгол хэлний хичээл заахад сурагч багш хоёрын гол гүүр болсон  дохионы багш ажиллах  орон тоо байхгүй тул мэргэжлийн багш тэдний сурсан мэдсэн бичиг үсэг дээр тулгуурлан хичээл заахах болдог байх жишээтэй. Тусгай сургуульд багш их дээд сургууль төгссөн, шалгалт өгч  багшлах эрхтэй иргэнийг  нийслэлийн Боловсролын газар томилсны дагуу, өөрийн сургуулийн чадамжийн хүрээнд онцлогтоо тохирсон өөрийн дадлагатай болоод  ажиллаж эхэлдэг байх жишээтэй .Сонсголын  бэрхшээлтэй иргэдийн дохионы багш бэлтгэх үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд зогссон, түүнийгээ дагаад мэргэжилтэн ховор бараа болсон байна.

Тэгээд ч сонсголын бэрхшээлтэй хүнийг онолын хувьд үндэсний цөөнхийн хэмжээнд авч үздэг аж. Энэ үүднээс авч үзвэл сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн сургалт, заах арга зүй, үйл ажиллагаа, ажлынх нь арга барилыг дунд сургуулийн хэмжээнд авч үзэх ямарч боломжгүй болсон гэдгийг энэ сургуулийн эргэн тойронд сүүлийн үед өрнөж байгаа үйл явдал хэлээд өглөө.

Үндэсний цөөнхийг  сурч боловсрох, нийгэмшүүлэх материаллаг бааз сургалт, судалгаа, арга зүйн  иж бүрэн  эрдэм шинжилгээний цогцолбортой болгохгүйгээр энэ асуудлыг шийдэх боломжгүй болжээ.
 
 
 Г.Эрдэнэбат
 
 

Сурталчилгаа
Монгол брэнд