top banner
Шуурхай мэдээ

Э.Лувсанбалдан: Зөвлөлтийн ард түмний аугаа их ялалт бидний ой тойнд бүдгэрэх учиргүй


2017-05-08 18:19:20
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аугаа их Эх орны дайны ялалтын 72 жилийн ой маргааш тохионо. Ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын СГЗ, доктор профессор, Эх орны дайны нэг,  хоёр­дугаар зэргийн одонт бэлтгэл дэд хурандаа Э.Лувсанбалдантай дараах асуудлаар ярилцав.

Тэрээр 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, Зөвлөлтийн дайчдын хамт Говь Хянганыг туулан Жэхэ хотыг чөлөөлөхөд оролцож байжээ.

-1945 оны дайнд оролцсон монгол цэргүүдийнхээ түүхэн гавъяаг бид мартахын аргагүй. Зөвлөлтийн дайчдад тусалсан түүхэн дайны талаар яриагаа эхлэх үү?

-Дэлхийн II дайнд Монгол Улс шууд ба шууд бусаар оролцсон нь бидний түүхийн нэг хэсэг. Тиймээс бидний хойч үе, өнөөгийн залуус 70 гаруй жилийн тэртээх түүхийг мартах учиргүй. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их цус урсгаж, гамшиг сүйрэл учруулсан энэ дайны гол өдөөгч нь Герман, Япон, Италийн фашист түрэмгийлэгчид байсан. Дэлхий дахиныг эзлэн ноёрхож, манай гаригийн өнцөг булан бүрт фашист дарангуйлал тогтоохыг эрмэлзсэн олон улсын харгис хүчний гол отряд-фашист Германы толгойлогчид, ЗХУ-ыг түрэмгий санаархлаа хэрэгжүүлэхэд гол саад тотгор болсон гэж үзэж байлаа. Иймээс тэд ЗХУ-ыг нийгмийн системийн хувьд унагаж, ард түмнийг нь боолчлох зорилго тавин, тус улсын эсрэг гол цохилтоо чиглүүлсэн юм. Зөвлөлтийн хүмүүс фашистуудын эсрэг хүнд бэрх тэмцэл хийхдээ асар их тэсвэр хатуужил, шантаршгүй зориг гарган баатарлагаар тулалдаж, амь бие хайргүй зүтгэсэн.

Зөвлөлт-Германы фронт дээр хэн нь ялалт байгуулахаас дэлхий нийтийн хувь заяа шалтгаалж байлаа. Зөвлөлтийн ард түмний тусламжтай БНМАУ эрх чөлөө, тусгаар тогтнолоо 1921 онд олж авсан түүхтэй. Халхын голын дайнд Японы түрэмгийлэгчдийн эсрэг хамт тэмцэж байсан учраас ЗХУ-д бүх бололцоогоороо туслахаас өөр аргагүй байсан. Чухам үүнээс үүдэн Зөвлөлт эх орны дайн эхэлсэн өдөр МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчид, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Ардын Сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлаас дайтаж буй Улаан арми, Зөвлөлтийн ард түмэнд бүх бололцоогоор туслах шийдвэр гарсан юм.

-Та Жанчхүүгийн тулаанд оролцон, цэргийн тагнуулын үүрэг гүйцэтгэж явсан гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-1945 онд Монголын дөрөв,  Зөвлөлтийн нэг морин дивиз техникийн гурван бригад, Монголын нисэх дивиз, холбооны хороо явахад гол хүч нь Сүхбаатар аймгаас хөдөлсөн. Баруун талаар туслах хүч гэж баатар Нянтайсүрэн даргатай нэг бригад, зөвлөлтийн томоохон хороо явсан. Туслах хүч шууд явсаар Жанчхүү орсон юм. Жанчхүүд тулж ирэхэд Далан хар уул гэх багахан бартаатай газарт хүрч, бид зүүн талаар нь Тэнгэр элс, Хянганы нурууг туулж Жэхэ хотод ирсэн. Бидний наймдугаар дивизийн 22 дугаар морьт хороог Чойн Дугаржав гэж улсын баатар хүн удирдаж байв. Тэр үедээ баатар болоогүй ч Халх голын байлдаанд хороо удирдаж Улаан тугийн одон авсан нэр хүндтэй хүн юм. Түүний удирдсан дөрөвдүгээр суманд би Эвлэлийн үүрийн дарга, ухуулагч, ханын сонины эрхлэгч, цэргийн шүүхийн төлөөлөгч хийж байв. Цэргүүд дундаасаа би монгол бичиг, дөрвөн аргын тоо, сампин мэддэг байсан учир надад итгэл хүлээлгэсэн хэрэг.

-Дайны үед Монгол орны аж байдал ямархуу байв?

-Дайны хөл бидэнд ч хүнд туссан. Идэх гурил, будаа, өмсөх хувцасгүй болж байлаа. Ю.Цэдэнбал дарга бидэнд “Дайны үед улс төрийн товчооны дарга нар өглөөний цай уухаа больж вареньтай талх идчихээд явж байлаа” гэж ярьж байсан. Улс төрийн товчооныхон ийм байхад жирийн ард ямар байх нь ойлгомжтой. Махнаас өөр юм байхгүй. Хамгийн аюултай нь настангууд ундаасч, унаж тусна. Хааяа дугуй булантай цай олдвол шүдэнзний хайрцаг шиг болгож жижиглэн хувааж хэрэглэх явдал энүүхэнд. Шаарыг нь дахин дахин буцалгаж ууна. Тамхи байхгүй учраас адууны хомоол, туулайн баас татна. Шүдэнзгүй учраас гал тасалж болохгүй. Нэг асаасан галаа нутаг сэлгэтлээ унтраахгүй. Орой унтахдаа галаа үнс, нурмаар хучна. Өглөө цог гялайж байвал үүсгэж асаана. Цаас ч олдохгүй. Сүхбаатар аймгийн намын хорооны эвлэлийн анхдугаар хурал дээр цаас байдаггүй. Аймгийн намын хороны дарга Түвдэн тогтоол гаргахын тулд сонины хоосон зайг зүсэж аваад бичиж байлаа. Ганц харилцаатай улсынх нь бүх үйлдвэрийг галдаж, дэлбэлчихээр аргагүй биз дээ.

-Тухайн үед тагнуулчийг тусгайлан бэлтгэдэг байв уу. Та яаж яваад тагнуулч болов оо?

-Бидэнд бэлтгэл гэж хийлгэдэггүй гэнэт л үүрэг өгөөд явуулсан. Дайтах болохоор бүх цэргээ нэг дор давшуулдаггүй. Урваж, зугтаж магадгүй гэсэн цэргээ ард талд, агт, гал зуух, ачаа хөсгөн дээр үлдээнэ. Галын шугамын тэргүүн эгнээнд найдвартай хүмүүсээ явуулдаг. Бичиг үсэг гадарладаг болохоор дарга надад үүрэг өгсөн. Цуглаан дээр үг хэлнэ. Даргын тушаалаар “Эх орныхоо төлөө амь хайргүй зүтгэнэ” гэх ухааны юм л ярина.  Ингээд цаашаа явахад “Орос, Монгол хүний хөл тавиагүй газар мэдээлэл олж ир, эх орны тушаал биелүүл” л гэнэ дээ. Туслахаас гадна холбоочин гаргаж өгнө. Заасан цэгт нь хүрээд морио нуучихаад дурандаж эхэлнэ. Нэг суурин байна, олон хүнтэй юм гэхчлэн цаг хэртэй судалж байгаад холбоочиндоо хэлээд явуулна. Удалгүй холбоочин маань “Цаашаа явж мэдээ ав гэж байна” гээд буцаж ирнэ. Надтай эхлээд Өвөр Монголын адуучин таарсан юм. Хэл мэдэх учраас асуудал гарсангүй. Нэг өдөр Тэнгэр элсний орчимд япон хүнтэй таарлаа. Япон гэдэг нэрийг дуулснаас таарч байсан биш. Бага залуу, юм үзээгүйг хэлэх үү этгээд амьтан байдаг байх гэж санаад. Өнөөх чинь үхэр тэрэгний нэг цувааг орхиод элсэн манхан руу гүйгээд орчихсон. Амьд хэл олзлохын тулд буудаж болдоггүй, гурвуулаа хашгирч байж барьж авсан. Гэтэл бидэн дунд битгий хэл манай хороонд япон хэл мэддэг хүн байгаагүй. Тэгээд Плиев генералын мэдэлд шилжүүлсэн юм билээ.

-Тэгээд хэдий хугацаанд давшиж Жэхэ хотод хүрэв дээ?

-Хянганы нуруу чинь их хэцүү газар. Далайд ойр учир манан ихтэй. Бороо орлоо гэж ярихгүй, ус асгарна шүү дээ. Хориод хоног яваад хүрсэн байх. Морьд элсийг туулах гэж дөрвөн хөл нь шигдээд ухархайгаа дүүрэн хөлс, нүд нь гөлийгөөд, хүзүүгээ сунгачихна. Ёстой өрөвдмөөр болдог. Дээрээс нь хүнд, хөнгөн пулемёт чирүүлнэ. Нэг км хөтөлж алхаад, нэг км унах жишээтэй. Өвөр Монголчууд Тэнгэр элсийг баруунаас зүүн тийш 500 гаруй, хойноосоо урагш 300 гаруй км гэдэг. Миний багцаалснаар лав 200 орчим км үргэлжилсэн байх. Элсийг арай гэж нэгийг давахад дараагийн даваа нь түүнээс ч бэрх, өндөр. Хажуу гуу жалгаар нь оволзсон их борооны ус. Тэгж байтал Шар мөрөн тулж ирсэн. Их устай голд морь сэлэхдээ, эзнээ авч шидчих гээд болдоггүй юм билээ.

-Та бүхнийг очиход байдал ямар байв?

-Жэхэ гэдэг хааны зуслан юм билээ. Тэнд очиход эзэнгүй, бүгд зугтчихсан. Конторуудыг нь үзтэл босоо төмөр шкафанд хятадаар бичсэн баахан л баримт байна. Аль нь чухал юм бүү мэд, нэг хэсгийг л авлаа. Хүүхдийн жижиг машин байсныг сонирхоод өөртөө авлаа. Их юм авах хэрэг байхгүй. Хэдэн цагийн дараа үхэж ч магадгүй учраас эргээд Монголдоо очно гэж юм нөөцөлж хураах шаардлагагүй. Цонхных нь цагаан пансан хөшгийг тасдаж аваад хөлөө ороолоо. Гэтэл панс бөөгнөчихөөд явж болдоггүй. Склад руу нь орж хүрэн хромон гутал  байснаас нэгийг жийлээ. Борооны цувнаас нь өмсч япон хүн боллоо доо. Баахан жигнэмэгээс нь нөхдөдөө амсуулна гээд жаахныг нөөцөллөө. Ихийг авбал морь даахгүй. Жижиг ууттай сахар байсныг ч авлаа. Тэгтэл тариан талбайд нэг хүн сүүмэлзээд байхаар нь дуудтал нэг хятад байна. Нөгөө сахарныхаа амыг дөхүүлтэл сүрлэн малгайгаа тослоо. Дүүргээд өгтөл нөгөөх чинь толгойгоороо газар мөргөөд сүйд. Шөнө болж бидний байсан цэг рүү машин дөхөж ирсэн юм. Хоёул буугаа сумлачихаад гэрэл дөхөөд ирэхэд нь гар өргөөд буцаад хэвттэл “Хэн бэ” гээд монгол хүн дуугарлаа. Дивизийн штабын дарга Янжав гэдэг хүн байсан. Тэгж анги дээрээ очиж бантагнаж байлаа. Алийг хэлж гүйцэхэв. Тэр зовлон бэрхшээлийг ярих юм бол тоочиж баршгүй.

-Цаг хугацаа улиран одох тусам энэ дайны дурсамж бүдгэрч, хүүхэд залуус ч мэдлэг хомс болж байх шиг. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?

-Зарим орны түүхийг завхруулагчид дэлхийн II дайны түүхийг гуйвуулж, Гитлерийн фашист болон түрэмгий эвсэлд нэгдсэн түүний холбоотнуудыг бут цохиход ЗХУ-ын гүйцэтгэсэн шийдвэрлэх үүргийг бууруулахыг санаатайгаар оролдож, өнгөрсөн дайны үр дүнг хянах, олон улсын түгшүүртэй байдлыг намжаах үйлст элдэв саад тотгор учруулахыг оролдох болсон. Хэдий тийм боловч германы фашист, японы милитарист хүчийг бут цохисон Зөвлөлтийн ард түмний аугаа их ялалт бидний ой тойнд бүдгэрэх учиргүй. Харин ч улам тод бууж, түүхэн ач холбогдол нь бүр ч тодорсоор байна.

-Энэ дайны сургамжийг та юу гэж өөртөө дүгнэдэг вэ?

-Энэ дайны сургамж бол харгис түрэмгий хүчинд хатуу сануулга болж, дэлхийн улс түмнийг туйлын өндөр сэрэмжтэй байхыг шаардаж байна. Орчин үед улс үндэстнүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн тасралтгүй гарч, үндэсний болон шашны хэт даварсан үзэл газар авч, терроризмын аюул улам бүр өсөн нэмэгдэж, ядуу буурай ба хөгжингүй орнуудын хөгжлийн түвшингийн ялгаа, ажилгүйдэл, өвчин, өлсгөлөн зэрэг шинээр үүсч буй аюул заналхийллийн эсрэг тэмцэлд дэлхий нийтээр хүчээ нэгтгэхийн чухлыг өмнөх үеийн түүхэн сургамж бидэнд харуулж байна.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Монгол брэнд