top banner
Шуурхай мэдээ

Ялалтын парадад 10400 цэрэг, 118 байлдааны техник, 72 онгоц оролцож байна


2017-05-09 09:09:45
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр 5 дугаар сарын 9. Аугаа их Эх орны хоёрдугаар дайны ялалтын баярын 72 жилийн ойн өдөр ОХУ-ын төдийгүй дэлхийн олон улс орны болоод хүн төрөлхтний түүхэн баярын нэг юм.
Энэ жил баярын парад Москва, Санкт-Петербург, Смоленск, Мурманск, Тула, Новороссийск, Волгоград, Севастополь, Керчи зэрэг ОХУ-ын есөн баатар хотод зэрэг болж байна. 1945 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр Дэлхийн хоёрдугаар  дайны галыг өдөөгч Адольф Гитлерийн фашист арми ичгүүртэйгээр ялагдаж, Зөвлөлтийн улаан армийн баатар хөвгүүд герман улсын нийслэл Берлин хотын Рейхстагийн оройд ялалтын улаан тугаа мандуулснаар дайн дууссаныг нотолсон билээ. 

Дэлхийн хоёрдугаар дайнд 58 улс нэрвэгдэж, олон сая хүн амь үрэгдсэний дотор ЗХУ/хуучнаар/ 70 сая хүнээ алдан байж ялалтад хүрсэн.  
Өнөөдөр ОХУ-ын нийслэлд Москвагийн цагаар 10:00 цагт Улаан талбайд ялалтын 72 жилийн парад эхэлнэ. Ялалтын баярын ёслолыг Оросын телевизүүд бүх дэлхий даяар шууд дамжуулна. ОХУ-ын зэвсэгт хүчин ойн баярын бэлтгэл ажлыг аль дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд өнөөдөр ёслолоо хийхэд бэлэн болжээ. Энэ жил Улаан талбайд 10400 цэрэг, 118 байлдааны машин, техник хэрэгсэл, 72 онгоц, нисдэг тэрэг жагсаж, баярын парад ёслол төгөлдөр болох нь ээ.
1418 хоног үргэлжилсэн Эх орны дайны галыг Зөвлөлтийн улаан арми, фашизмын ичээнд хүрч нуга дарахад Монголын ард түмэн дайныг эхлэхээс дуустал оросын ахан дүүстэйгээ хамт байж ялалтад хүрсэн болохоор энэ өдрийг бас дурсан санаж, тэмдэглэдэг билээ. Дайны энэ хүнд жилүүдэд Монголын ард түмэн ЗХУ-ын гол холбоотон түнш байж Улаан армид 437,189 морьд худалдаж, 20 орчим мянган морь бэлэглэсэн. Дайны жилүүдэд монголчууд нийтдээ 435 сая төгрөгийн үнэ бүхий мал, эд материалын зүйл, 300 орчим кг алт бэлэглэсэн гэх тоо ч бий. Үүний зэрэгцээ “Монгол Ард” нисэх онгоцны эскадриль, “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг өөрсдийн хөрөнгөөр бүтээж дайнд оролцож Берлин хүрсэн түүхтэй.

Дэлхийн хоёрдугаар дайны галыг Европ тивийн төвд буюу Адольф Гитлерийг бут цохисны тэмдэг Германы Берлин хотын Рейхстагийн оройд  Зөвлөлтийн улаан армийн цэргүүд ялалтын улаан тугаа тавдугаар сарын нэгэнд хатгаснаар хүн төрөлхтөнд ялалтаа тунхаглаж, дайнд бөгтийж ядарсан  гурван тивийн 61 орны иргэдийн зоо нуруу тэнийж билээ. Харин 1945 оны зургадугаар сарын 20-нд анхны парадыг нэлээд бэлтгэлтэйгээр хийжээ.Тэгээд бас зогсоогүй 1939 оноос дорно зүгт эхэлсэн Азийн орнуудыг эзлэн түрэмгийлсэн Японы милитаристуудын зарлаагүй дайныг ч зөвлөлтийн арми, монголын цэргүүд хамтран 1945 оны 9 дүгээр сард бүрэн зогсоож Квантуны армийг үг  дуугүй буулган авснаар  бас л азийн орнуудыг дайнаас чөлөөлсөн.

 

Ж.Батсайхан



Сурталчилгаа
Монгол брэнд