top banner
Шуурхай мэдээ

Д.Энхцэцэг: Намууд санхүүжилтээ тайлагнах үүргээ биелүүлэхгүй байна


2017-05-09 13:29:30
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/."Нээлттэй нийгэм" форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгтэй намуудын санхүүжилт, сонгуулийн кампанит ажлын зардал, түүнийг хэрхэн тайлагнах тухайд ярилцлаа.

-Ирэх сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулийн кампанит ажил шударга, тэгш гарааны зарчмаар явахад зардлын хэмжээ их чухал гэж судлаачид үздэг. Ер нь өнгөрсөн хугацаанд бүх шатны сонгуулийн зардал хэр өсч ирэв?

-Сонгуулиас сонгуульд нам эвсэл, нэр дэвшигчийн сонгуульд зарцуулж буй мөнгөний хэмжээ байнга өсч байна. СЕХ-ны цахим хуудсанд тавьсан сонгуулийн зардлын талаар албан ёсны тайлан мэдээллээс үзэхэд 2008 онд сонгуульд өрсөлдсөн талууд нийт 7,9 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ дүн 2012 онд 36,8 тэрбум, 2016 оны сонгуулиар 34, 6 тэрбум болж өссөн байдаг. Гэхдээ энэ бол бүрэн гүйцэд дүн биш. Тухайлбал, 2016 онд 498 нэр дэвшигч сонгуульд оролцсоноос зөвхөн 386 нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасны дагуу ирүүлсэн байх жишээтэй.Тайлангаа өгөөгүй 100 гаруй нэр дэвшигчийн зардал дээрх дүн дээр нь нэмэгдэх юм бол нэлээд өндөр дүн гарах нь ойлгомжтой.

-Хуулинд сонгуулийн зардлыг тайлагнахаар заасан. Энэ нь хэр бодитой хэрэгждэг заалт вэ?

-2015 оноос өмнө мөрдөж байсан сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд сонгуулийн дараа нам, эвсэл, нэр дэвшигчид зардлын тайлангаа СЕХ-нд өгдөг, СЕХ түүнийг нь аваад зардлын ерөнхий дүнг нь нэгтгэн нийтэд мэдээлдэг байв. 2015 онд УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуульд сонгуулийн зардлыг тайлагнах, хяналтыг сайжруулахтай холбоотой хэд хэдэн чухал өөрчлөлт тусгалаа олсон. Тухайлбал, уг хуулиар анх удаа сонгуульд оролцохоор хүсэлт гаргаж буй улс төрийн нам, эвсэл сүүлийн нэг жилийн хугацаанд иргэн, хуулийн этгээдээс хүлээн авсан хандивын тайлангаа, нэр дэвшигчдийн хувьд хөрөнгө орлогын мэдүүлгээ СЕХ-нд хүлээлгэн өгөх болсон. Энэ нь сонгуулийн дараа хагас дутуу байдлаар ил болдог байсан сонгуулийн санхүүжилтийн мэдээллийг сонгуулиас өмнө ил тод, хяналттай болгоход чиглэсэн чухал өөрчлөлт болсон. Түүнчлэн дээрх хуулиар СЕХ-ны оронд Төрийн аудитын байгууллага сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн зардлын тайланг хянах үүрэг хүлээн болсон ба энэ үүргээ хэрэгжүүлэхдээ Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтарч ажиллах бололцоотой байдлаар хуульчилж өгчээ. 

2016 онд болж өнгөрсөн УИХ-ын сонгууль нь Сонгуулийн тухай шинэ хуулийн хэрэгжилтийг бодит байдалд шалгасан нэг ёсны чухал сорил болсон.  Сорилтын дүн харин төдийлэн сайн байгаагүй. Тэдний гаргасан тайланд дүгнэснээр сонгуулийн санхүүжилтийн ил тод байдал, хяналт өмнөхөөс огт сайжраагүй байсан. Энэ нь хэд хэдэн шалтгаантай байж болохоор байгаа юм. Юуны өмнө сонгуулиас өмнө намуудын гаргаж өгч буй хандивын тайлантай холбоотой мэдээллийг Сонгуулийн тухай хууль болоод Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хүрээнд авахаар хөөцөлдсөн ТББ-уудад холбогдох төрийн байгууллагууд нь татгалзсан хариу өгч, мэдээллийг нууцлах хандлага үзүүлсэн. Тэгэхээр эдгээр байгууллагууд цаашид хуулийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж намуудын санхүүжилтийн мэдээллийг сонгуулиас өмнө ил болговол сонгогчид шийдвэрээ гаргахад тус дөхөм болох нь гарцаагүй. Итгэл хүлээлгэх гээд байгаа улстөрчийн ард ямар санхүүжүүлэгч байна вэ гэдгийг нь мэдэж сонголтоо хийх эрх ардчилсан улсын сонгогчид байх нь зүйтэй.

Хуульд зааснаар сонгуулийн дараа нэр дэвшигчид 30 хоногийн дараа, нам, эвсэл 45 хоногийн зардлын тайлангаа гаргаж өгөх ёстой. 2016 оны сонгуулиар зардлын тайланг хэрхэн гаргах талаар нэгдсэн маягт, заавар журам огт гараагүй. Үүнээс үүдэлтэй бодитой хяналт тавихад маш бэрхшээлтэй, нарийвчлал багатай тайланг нэр дэвшигчид гаргаж, түүн дээр Үндэсний аудит хяналт тавьсан нэр зүүгээд өнгөрсөн. Энэ удаагийн сонгуулиар энэ алдаагаа ахиж давталгүй, хяналт тавих үүргийг хүлээсэн гол байгууллага болох Үндэсний аудитын газар олон улсын жишиг стандартад нийцсэн маягт, заавар журмыг гаргаж хуулийн хэрэгжилтийг хангахад дөхөм үзүүлж ажиллах шаардлагатай байна.

-Сонгуулийн зардлыг олон улсын жишигт хэрхэн тайлагнадаг вэ. Өөрөөр хэлбэл иргэд сонсогчдод хэр нээлттэй, ил тод байдаг гэсэн үг вэ?

-Ардчилсан тогтолцоотой бүх улсуудад тогтмол сонгууль болж байна. Энэ улсууд бүгд улстөрийн санхүүжилт болоод түүнтэй холбоотой асуудлуудаар янз бүрийн хууль батлан хэрэгжүүлж байна. Тухайлбал, сонгуулийн кампанит ажлын зардлыг бууруулах, эмх цэгцтэй байлгах үүднээс Германд сонгуульд өрсөлдөж буй талууд бүгд 90 секундын сурталчилгаа гаргадаг, түүнийг нь өмнөх сонгуулиар авсан саналын тоонд нь үндэслээд тодорхой тоогоор үнэ төлбөргүй нэвтрүүлдэг. Тайлагнах хугацааны хувьд АНУ-д сонгуулийн бус жилд улирал тутам буюу 4 удаа, сонгуулийн жил бол сонгуулийн өдрөөс өмнө 12 хоног, сонгуулиас хойш 30 хоногийн дараа дэлгэрэнгүй тайлагнахаас гадна их хэмжээний хандив хүлээн авсан бол 48 цагийн дотор тайлагнадаг. Түүнийг нь Холбооны сонгуулийн хороо тэр дор нь цахим хуудсандаа тавьж олон нийтэд мэдээлдэг. Тайланд багтсан зардлын мэдээлэл нь нарийвчлал сайтай, түүнд хяналт тавьж мөнгө хаашаа юунд шилжүүлж байгааг сонгогчид нь үзэх боломжтой.

Тухайлбал, нэг ширхэг зурагт хуудас хэвлүүлсэн байхад ямар компаниас хэзээ хэдий хэмжээний мөнгө зарж авсныг нь гүйлгээний дугаартай нь олж үзэж болно гэсэн үг.


-Улстөрийн намууд жилд нэг удаа санхүүжилтээ тайлагнадаг. Гэвч энэхүү заалт огт хэрэгждэггүй. Сонгуулийн өмнө намууд санхүүжилтээ тайлагнах бололцоо бий юу?

-Улстөрийн намын тухай хуульд зааснаар намууд жил бүр аудитаар хянуулсан тайлангаа нийтэд ил мэдээлэх ёстой. Тодруулбал 20.3-т намын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэхээс зайлсхийсэн, аудит хийлгэн баталгаажуулсан боловч нийтэд мэдээлээгүй бол албан тушаалтанд 40-60 мянга хүртэлх төгрөгийн, намд 100-250 мянга хүртэлх төгрөгийн торгууль ногдуулах хуультай. Энэ хуулиар санхүүгийн тайлангаа ил болгосон нам байхгүй. Ил болгоогүй гээд аль нэг нам торгууллаа гэж бас сонсоогүй.  Өөрөөр хэлбэл, хуулиа хэрэгжүүлэлгүй явж өдий хүрсэн.  Сонгуулийн өмнө намууд сонгуульд оролцохоор бүртгүүлэх хүсэлт гаргахдаа СЕХ-нд хандивын тайлан өгдөг хуультай болсон. Энэ мэдээлэл гэхдээ 2016 оны УИХ-ын сонгуулиар жишээ нь нийтэд огт ил болоогүй.

-Намуудын санхүүжилтийг ил тод болгосноор нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг хэрхэн харж байна вэ?

-Улс төрийн хүрээний буюу өндөр түвшний авлигыг бууруулах, төрийн албаны үйл ажиллагаа сонгууль болгоноор тасалдаж сааралгүй урагшилдаг болохын тулд яах аргагүй нэн тэргүүнд улстөрийн санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, хууль тогтоомжийг ягштал хэрэгжүүлэх, түүнд тавих хяналтыг чангатган, зөрчил илэрсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох ёстой гэж  судлаачид дуу нэгтэй үздэг.

-Тэгвэл намуудын санхүүжилтийн асуудлаарх хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүсэх нь ээ?

-Улс төрийн намын тухай хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Ардчилсан тогтолцоонд улс төрийн намууд маш чухал үүрэгтэй инститици гэдэгтэй хэн ч маргахгүй. Ийм чухал байгууллагууд харин  зөв төлөвшиж хөгжиж чадахгүй байгаа нь нэгэнт тодорхой байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд Улс төрийн намын хуулийг эргэн харж, шаардлагатай өөрчлөлтүүдийг тусгах цаг нь ирсэн. 
Б.Туул

Монгол брэнд