top banner
Шуурхай мэдээ

Ахмет Иылдыз: Монгол руу хийж буй нислэгийн давтамж, багтаамжийг нэмнэ


2017-05-09 16:32:13
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ахмет Иылдыз тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 6-9-ний өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр ноён Ахмет Иылдызтэй хоёр орны хамтын ажиллагаа, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар ярилцав.

-Манай оронд айлчлаад буцах гэж байна. Энэ хугацаанд ямар уулзалтууд хийв, түүнээс гарах үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Миний бие Монгол Улсад анх удаа айлчилж байна. Танай сайхан оронд ирсэндээ маш их баяртай байна. Юуны өмнө хэлэхэд, Турк-Монгол хоёр орны хооронд сүүлийн 1-2 жилд дээд хэмжээний уулзалтууд хийгдээгүй. Иймээс зарим асуудлыг тодотгох үүднээс хүрэлцэн ирсэн. Айлчлалынхаа үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьтай уулзаж, хоёр улсын хоорондын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны тал дээр санал солилцлоо. Мөн Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нартай албан уулзалтууд хийсэн.

Үүний зэрэгцээ Туркийн Гадаад хэргийн яамны Төв Ази болон Кавказын орнуудын газрын дэд дарга Элчин Гөкхан Туран, гуравдугаар Нарийн бичгийн дарга Алпер Ханэрийн хамтаар Налайх болон Хархоринд зочилж түрэгийн үеийн хөшөө дурсгалуудыг үзэж сонирхлоо. Туркийн Элчин сайдын өргөөнд зохион байгуулагдсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, УИХ-ын гишүүн Д.Мурат болон Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг АТА-гийн Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзсан.

Ер нь хоёр орны хооронд яригддаг гол асуудал бол гадаад худалдаа юм. Өнөөгийн нөхцөлд хоёр орны гадаад худалдаа маш бага түвшинд байна. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр албаны хүмүүстэй ярилцлаа. Туркийн агаарын тээврийн шууд нислэгийг сайжруулах болон Туркийн талаас Монгол Улсад ойрын хугацаанд үзүүлэх хөнгөлөлттэй зээл тусламжийн асуудлаарх уулзалтуудыг хийсэн.

-Нүдээр үзсэн хүний хувьд та хоёр улс эдийн засаг тал дээр хэрхэн хамтарч ажиллах бололцоо байна гэж дүгнэв?

-Нэгдүгээрт Монгол Улсад дэд бүтэц тулгамдсан асуудал байдаг юм байна. Туркчууд өөрийн хуримтлуулсан туршлагаас хуваалцаж, хөрөнгө оруулах боломж байх болох юм. Хоёрдугаарт танай улс уул уурхайн их баялагтай ч түүхийгээр нь гадагш нийлүүлж байна. Уул уурхайн зах зээл дээр хагас болон эцсийн бүтээгдэхүүн гаргаж, нийлүүлэх хамтарсан сонирхол байж болох юм. Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбаруудад бол хамтарч ажиллах ёстой. Ялангуяа Туркийн иргэний агаарын тээврийн нислэгийн давтамж, багтаамжийг нэмэгдүүлвэл туркчууд гэлтгүй Европын аялал жуулчлалын маш том урсгал Монгол руу орж ирэх болно гэж харж байна.

-Нислэгийн давтамж, багтаамжийг нэмэгдүүлэх тухай асуудлыг хөндлөө. Хэдий хэмжээгээр хэзээнээс нэмэгдүүлэх вэ. Тарифын хувьд ч гэсэн хямдрах нь ээ?

-Өдөр бүр шууд нислэг хийж болно. Уг нислэгийг том оврын онгоцоор үйлдэх хэрэгтэй. Үүний өмнө сууриа сайн тавимаар байна. Үнэ тариф буурах нь гарцаагүй. Одоо бол шууд нислэг гэж байгаа ч Бишкек дээр бууж байгаа. Энэ буулт байхгүй болоход тарифын хувьд томоохон өөрчлөлт гарна.

-ХАА-н салбараас аль салбарыг нь та онцолж харав?

-Турк улс газар тариалан, мал аж ахуйн тал дээр үйлдвэрлэгч орон. Гадагшаа мөн нийлүүлэгч орон. Монголтой хамтрах тал дээр мал аж ахуй, арьс ширний салбарыг онцолж харж байлаа.

-Боловсролын салбарынхантай уулзах үеэрээ ямар яриа хэлэлцээ хийв?

-Туркэд сурч байгаа оюутнуудын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх саналыг тавьж байсан. Энэ тал дээр бид их нааштай хандаж байгаа. Буцаж очоод Боловсролын сайдтайгаа уулзаж, уг асуудлыг ярих болно. Мөн боловсролын дэд бүтэц буюу сургуулийн барилга тал дээр дэмжлэг авах хүсэлтэй байсан. Бас зарим улсын сургуулийн барилгын засварыг хийх, хичээлийн байрыг барих тал дээр ТИКА-гийн дэмжлэгийг олгох болон Туркийн “Маариф” сангийн Монгол дахь үйл ажиллагааны эхлэлийг тавих тал дээр санал солилцлоо.

- “Маариф” сангийн тухай товч танилцуулахгүй юу. Монгол залууст ямар боломж нээгдэнэ гэсэн үг вэ?

-“Маариф” сан Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр дэлхийн стандарт бүхий Туркийн Боловсролын яамны  баталгаажсан боловсрол олгох гарц монгол залууст нээгдэх юм.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал

Сурталчилгаа
Монгол брэнд