top banner
Шуурхай мэдээ

Монгол Улс Мексик улстай хүмүүнлэгийн салбарт хамтарч ажиллана


2017-05-10 12:03:47
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны Мексикийн агентлагийн техник, шинжлэх ухааны хамтын ажиллагааны Ерөнхий захирал Др.Марта Наварро-Албо нар энэ сарын 3-ны өдөр “Боловсрол, урлаг, соёл, залуус, биеийн тамир, спортын салбарт 2017-2020 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”-т Мехико хотод гарын үсэг зурав.

Энэхүү хөтөлбөрийн дагуу талууд соёл, урлагийн наадам, олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулах, оролцох, мөн манай иргэд Мексикийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, дипломатууд мексикийн гадаад бодлого, испани хэлний сургалтад хамрагдах боломжтой болж байна. Түүнчлэн Мексик Улс нь Маяа, Ацтеки зэрэг хүн төрөлхтөний эртний иргэншлийн өв, соёлыг хадгалж чадсан, энэ чиглэлд арвин их туршлагатай, дэлхийд тэргүүлэх улс бөгөөд Хөтөлбөрийн хүрээнд манай тал Мексикийн дээрх туршлагаас суралцах боломж нээгдэж байна.

Энэхүү хөтөлбөр нь манай хоёр орны Засгийн газар хооронд 1985 онд байгуулсан Соёлын солилцооны хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр байгуулж буй баримт бичиг юм.

Монгол брэнд