top banner
Шуурхай мэдээ

Монгол, Вьетнамын бизнес уулзалт болов


2017-05-10 12:13:04
БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр “Монгол, Вьетнамын бизнес уулзалт” Туушин зочид буудалд болов.
 
Бизнес уулзалтад Монголын талаас 40, Вьетнамын хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, оёдол, гутал, арьс ширэн эдлэл, эм үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж буй 23 аж ахуйн нэгж оролцож, хамтран ажиллах боломж нөхцөл, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар ярилцлаа.

Уулзалтад хатагтай Данг Тхи Нгок Тхинь оролцож үг хэлсэн юм. Тэрбээр 2015 онд Вьетнам, Монголын гадаад худалдааны эргэлт 34.9 сая ам.доллар байсан.Үүнээс Вьетнамын Монгол Улс руу хийх экспорт 13.1 сая, импорт 21.8 сая ам.долларыг эзэлж байсан юм. Энэ төдийлөн хангалттай биш ч хөгжүүлэх нөөц боломж их бий. Өчигдөр би Монгол Улсын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийж, худалдаа эдийн засгаас эхлээд олон салбарт хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн. Вьетнамын зүгээс Монголын бизнес эрхлэгчдийг улсынхаа засгийн нөхцөл байдал, бизнесийн орчны талаар бүхий л мэдээллээр хангахыг хичээх болно гэлээ.

92 сая хүн амтай Вьетнам улсын ДНБ 200 тэрбум ам.доллар бөгөөд эдийн засаг нь жил бүр 6.2 хувийн өсөлт үзүүлдэг байна. Тус орны улс төр болон эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хууль, эрхзүйн орчин харьцангуй тогтвортой байдаг аж. Энэ нь Вьетнамд бизнес эрхлэгчдэд бусад орноос давуу тал болдог байна.

Монгол Улс далайд гарцгүй тул БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан Вьетнам руу тээвэрлэлт хийх шаардлага тулгардаг. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Хятадын талтай тодорхой уулзалт хийж байгааг холбогдох албаныхан хэллээ.
 
Тухайлбал, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар,“Хятадын нутаг дэвсгэрээр мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэх бол боловсруулсан байх шаардлага тавьдаг. Иймээс халууны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох нь хэн, хэндээ хүндрэл учруулахгүй” гэлээ.

Энэ үеэр хөндөгдсөн чухал асуудал нь Монгол, Вьетнамын хооронд түрээсийн нислэг хийх асуудал байв. 2015 онд түрээсийн нислэгийг эхлүүлсэн ч түр зогсоогоод байгаа аж. Түрээсийн нислэгийг дахин эхлүүлснээр хоёр орны аялал жуулчлалын салбар хөгжихөөс гадна бизнес эрхлэгчид хамтран ажиллахад таатай нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд