top banner

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар тууштай тэмцэнэ гэв


2017-05-10 17:13:53
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооноос 29 дүгээр сургууль болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар тууштай тэмцэн, ёс зүйгүй үйлдэл гаргаад буй өмгөөлөгч, албан тушаалтнуудад арга хэмжээ авахыг шаардана гэдгээ өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. 

Яруу найрагч, сэтгүүлч Б.Галсансүх, “Би дөнгөж сая Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөөд ирлээ. Өмгөөлөгч Г.Батбаяр гэж хүн намайг 29 дүгээр тусгай сургуулийн хүүхдүүдийг өмгөөлж хамгаалж хэвлэлийн бага хурал хийсэн, ор үндэсгүйгээр гүтгэн доромжилсон гэж 50 сая төгрөг нэхэмжилж, эрүү үүсгэх гэж байгаа юм байна. Өнгөрсөн сарын 20-нд болсон хэвлэлийн бага хурлаар би 29 дүгээр тусгай сургуулийн хүүхдүүдийг дарамталж болохгүй, тэднийг өмгөөлөх хуульч, өмгөөлөгч олдохгүй байна. Өмгөөлөгчид минь хамгаалж өгөөч гэж уриалсан. Энэ уриалга одоо болтол биелээгүй явна. Хүмүүс бүх зүйлийг зоосны нүхээр хардаг болжээ. Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч хүнийхээ хувьд хэвлэлийн хуралд оролцсон биш сүүлдээ хэрэгтэн болж, мөнгө нэхэмжлүүлэх маягтай боллоо. Энэ хүүхдүүдийн өмнөөс дуугарсныхаа төлөө өнөөдөр өөрөө хэрэгт ороод явж байгаадаа харамсалтай байна” гэв. 

Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн Т.Цэдэнбал, “Өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд сонсголгүй хүүхдүүд 50 жил дарагдсан асуудлыг гаргаж тавьсан. Үүний төлөө хүүхдүүдэд дарамт ирсэн. Үнэн зүйлийг ил тод гаргаж ирсэн хүүхдүүдийг дарамталж байгаа нь буруу. Багш нар хүүхдүүдэд анхаарч, цаашид яах вэ гэж хандах ёстой. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал дуусахгүй байна” гэв.
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
 

Монгол брэнд