top banner

“Хүмүүн бичиг” сонин 20 мянган хувь хэвлэгдсэн түүх бий


2017-05-10 17:26:56
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Одоогоос яг 25 жилийн тэртээ буюу 1992 оны тавдугаар сарын 10-ны өдөр “Хүмүүн бичиг” сонины анхны дугаар хэвлэгдэн гарч монголчуудын үндэсний бичиг соёлоо дээдлэх шинэ эрин үеийн салхийг хагалж байсан билээ.

Тухайн үед үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дэд даргаар ажиллаж байсан сэтгүүлч Т.Галдан монгол бичгийн сонинг бий болгох санаачилга гаргасныг агентлагийн дарга Ч.Эрдэнэ дэмжсэн байна. Улмаар “Үнэн” сонины дэргэдэх Уриа хэвлэлийн компанид “Хүмүүн бичиг” сонины эхийг монгол бичгийн үсгийн фондоор сэтгүүлч Мишигдоржийн Баттулга бэлтгэж 5000 хувийг хэвлүүлэн уншигч олны хүртээл болгожээ.
Энэхүү анхны дугаарыг МУИС-ийн багш Ш.Чоймаа хянан тохиолдуулсан бөгөөд сонины толгойг МОНЦАМЭ агентлагийн дарга Ч.Эрдэнэ зурсан байдаг.  “Хүмүүн бичиг” сонины анхны дугаар А3 хэмжээтэй, хар, цагаан өнгөтэй, дөрвөн нүүр бүхий таван төгрөгийн үнэтэй худалдаанд гарч байжээ.

Түүхийн хуудсыг сөхвөл, МОНЦАМЭ агентлагийн даргын 1992 оны тавдугаар 14-ний өдрийн тушаал гарч “Хүмүүн бичиг” сонины эрхлэгчээр Т.Галдан томилогдож, сонины зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Улмаар 1992 оны зургадугаар сард Монгол Улсын бүртгэлд албан ёсоор бүртгэж, тухайн оныхоо дөрөвдүгээр улирлаас нийтийн хэвлэлийн захиалгад оржээ. Үндэсний монгол бичгийн “Хүмүүн бичиг” сонин өнгөрсөн 25 жилийн түүхэндээ 1994 оны II улиралд хамгийн олон хувь буюу 20 мянган ширхэг хэвлэгдэж, тухай үеийн сонинуудаас тавдугаарт бичигдэж байв.


Энэ жил 25 жилийн ой тохиож байгаа “Хүмүүн бичиг” сонины хамт олон 1997 оноос “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг зохион байгуулж байна. Тус уралдааны 20 жилийн ойг энэ өдрүүдэд болж дөрөвдүгээр сарын 28-нд  “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны үе үеийн аваргуудын дурсамж уулзалтыг МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд зохион байгуулсан.
Энэ үеэр “Хүмүүн бичиг” сонинд ажиллаж байсан үе үеийн сэтгүүлчид уулзаж, хамгийн ахмад өдгөө 90 настай утга зохиолын ажилтан Ю.Минжүүрт БСШУСЯ-ны шагнал “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдгээр шагнаж хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн тус сонины ахмад ажилтан С.Алтанцэцэг, С.Цэцэгмаа, өнөөгийн сонины эрхлэгч Б.Элбэгзаяа нарт Засгийн газрын шагнал “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, сонины сэтгүүлч Б.Хандмаад БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ийг тус тус шагнажээ.


“Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүдийн шагналыг 2000 оноос эхэлж Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нар МОНЦАМЭ агентлагт зочлон ирж гардуулдаг уламжлал тогтсон билээ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг нар энэхүү хүндтэй шагналыг гардуулж байжээ.

Монгол хүний бичиг соёлын эрхэм үнэт зүйл болох Монгол бичиг нь дээрээс доошоо нар зөв эргэн бичигддэг босоо байрлалтай хүмүүн төрөлхтөний цорын ганц бичиг гэдгээрээ онцгой нандин билээ. Монгол бичиг бүтэц оновчтой, бичихэд хялбар хэмнэлтэй, ижил дуудлагатай утга өөр үгийг ялгаж бичдэг. Үгийн үндэс эвдэрдэггүй, аливаа үгэнд эгшиг элбэг болохоор сонсоход улам яруусан аялгуу найрлага нь жигдэрдэг нь гайхалтай.

“Хүмүүн бичиг” сонин энэ жилийн хувьд түүхт 25 жил болон “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны 20 жилийн давхацсан хоёр ойгоо тохиолдуулан сониныхоо байранд үе үеийн Монголын сайхан бичигтнүүдийн шилдэг бүтээлээр Монгол бичгийн галарейг анх удаа нээсэн юм.
Тус ойд зориулж  “Монгол Улсын сайхан бичигтэн-20 жил” хэмээх хүндэтгэлийн тэмдэг гаргаж 20 улсын уралдааны үе үеийн аваргууддаа гардуулсан байна.

Дашрамд дуулгахад, “Хүмүүн бичиг” нь 2015 оноос цахим хуудастай Монголын анхны сонин болсон. Өнөөдөр тус сонины уншигч нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт байгаа бөгөөд долоо хоногт 4000 шахам хувь хэвлэгдэж байгаа юм.

Д.Өлзий

Монгол брэнд