top banner
Шуурхай мэдээ

“Сонгодог үдэш” сумдад хүрч байна


2017-05-11 18:12:59
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Алтангадас одонт Хөгжимт драмын театрын уран бүтээлчид найрал хөгжмийн “Сонгодог үдэш” тоглолтоо сумдад хүргэж байна. Хөгжимчид энэ удаад Хөлөнбуйр, Булган сумын ард иргэдэд тоглолтоо толилуулж, нэгэн оройг сонгодог хөгжмийн ая эгшгэн дор өнгөрүүлжээ. Энэхүү тоглолт “Театр-хүний хөгжил 2017” зорилтот жилийн хүрээнд зохиогдож байгаа юм. Цаашид төлөвлөгөөний дагуу бусад суманд “Сонгодог үдэш”-ийг тоглоно гэж тус театрын дарга Л.Наранхүү ярив.
Театрын уран бүтээлчид өнгөрсөн оны сүүлээс сонгодог орчин бүрдүүлэн аймгийн төвийн байгууллага, хамт олонд амьд хөгжмийн тоглолтоо хүргэж эхэлсэн нь ийн үргэлжилсээр байна.  
Сонирхуулахад, манай улсын хувьд өнгөрсөн зууны дунд үе тодруулбал, 1940 оны эхээр Азийн орнуудаас хамгийн түрүүнд дэлхийн сонгодогтой танилцсан байдаг. Харин Дорнод аймгийн тухайд түүнээс 30 хүрэхгүй жилийн дараа Өрнийн сонгодог урлагийг өөрийн нутагт “нутагшуулж” чадсан нь яахын аргагүй том соёл, энэ нутгийнхны бахархал гэж хэлж болно. 1978 онд Дорнод аймгийн Алтангадас одонт ХДТ-ын Симфони найрал хөгжим үүсэн байгуулагдсанаар сонгодог урлагийн түүхийн хуудас сөхөгдсөн юм.
Монголдоо гуравт тоологдох, хөдөөд цорын ганц гэгдэх Симфони найрал хөгжмийг Дорнод нутгийн уугуул, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ваандангийн Боролдой үүсгэн байгуулжээ. 
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд