top banner

Улаанбаатар хот орчимд шувууны 1500 үүр байрлуулна


2017-05-12 13:56:18
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгаль хамгаалах  1629 нөхөрлөл нийт шувууны 1500 гаруй үүр хийжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн чуулганд оролцогчид эдгээр үүрийг модны үндэс, ур, мөчир, гишүү, унасан болон хатсан мод ашиглан бүтээсэн бөгөөд өнөөдөр Цэнгэг усны  нөөц, байгаль хамгаалах төвд “Хот орчмын шувуудад үүр бэлэглэе” үзэсгэлэн гаргав. Үзэсгэлэнгийн үеэр Нийслэлийн 48 дугаар сургуулийн 50 гаруй хүүхдэд шувууны үүрний дээжээс бэлэглэсэн юм.

Монгол орны шувууны ангилал зүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөл”-өөс гаргасан мэдээгээр Монгол оронд 502 зүйлийн шувуу бүртгэгдээд байна. Үүнээс 60 орчим зүйлийн 7900 орчим шувуу цахилгаан түгээх шугамд цохиулах зэргээр хорогддог статистик мэдээ бий. Иймд шувуудын хорогдлыг бууруулах зорилгоор үзэсгэлэнд дэлгэсэн үүрийг Улаанбаатар хот орчимд байрлуулахаар төлөвлөсөн гэдгийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцлов. Тэрбээр, “Монгол орны шувуудын 80 хувийг нь нүүдлийн шувууд эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол орон бол нүүдлийн шувуудын тун чухал газрын нэг юм. Нүүдлийн шувууд хавар манай оронд ирж зусаад, үр төлөө гаргаад намар нь буцдаг. Тиймээс шувууны үүр бүтээж байршуулах ажил туйлын чухал” гэлээ.

Ч.Ариунболд

Монгол брэнд