top banner
Шуурхай мэдээ

Красноярскийн эрдэмтэд хуш модны ургалтыг 30 жилээр хурдасгах технологийг боловсруулжээ


2017-05-12 14:53:06
Зураг
КРАСНОЯРСК./TASS/. Сибирийн Агаар сансрын улсын их сургуулийн эрдэмтэд Сибирийн хуш модыг хурдан ургуулах технологийг боловсруулжээ.

Уг технологиор ургуулсан хуш мод ердийн хуш модтой харьцуулахад 20-30 жилийн өмнө самраа өгч эхэлдэг байна. Энэ нь урьд өмнө нь хулгайн мод бэлтгэгчид, сибирийн хүр хорхойн улмаас устсан хушан ойг сэргээх боломжийг олгох юм. Энэ тухай Красноярскийн хязгаарын эрдэм шинжилгээ, техникийн үйл ажиллагааг дэмжих сангаас мэдээлжээ.

Байгалийн жамаараа бол Сибирийн хуш мод суулгаснаас хойш 60 жилийн дараа самраа өгч эхэлдэг байна.

“Гал түймэр, Сибирийн хүр хорхой, хулгайгаар мод бэлтгэсний улмаас хушан ойн талбай аажмаар багассаар байна. Хэдэн мянган жилийн хугацаанд байгалийн янз бүрийн нөхцөлд урган бий болдог Сибирийн хушны генийн үнэт санг үржүүлэх ирээдүйтэй арга технологии маш чухал болоод байгаа юм. Бидний энэ технологи маш сайн үр дүнтэй гэдэг нь харагдсан. Бид 20-30 жилийн наана арвин ургац өгч эхлэх суулгацыг тарьж ургуулж чадсан” гэж төслийн удирдагч Юлия Щерба тайлбарлан ярилаа.

Эрдэмтэд энэхүү технологи нь богино хугацаанд том боргоцой өгч чадах Сибирийн хушийг сонгож авахад үндэслэдэг байна. Дараа нь тэдгээр хушаа суулгац материал тарихад эх болгон ашигладаг. Ийм маягаар, ирээдүйн суулгацууд нь хурдан ургадаг, илүү их ургац өгдөг хуш болдог байна.

Одоогийн байдлаар, туршилтын талбайд ургуулах хамгийн үнэтэй хушуудыг сонгож авах ажил дуусч байна. Энэхүү технологийг Красноярскийн хязгаарын ойн суулгац тариалдаг аж ахуйнуудад санал болгох аж.
О.Барс 

 


Монгол брэнд