top banner

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарна


2017-05-13 00:58:49
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Үндэсний хэмжээнд 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлтийг 2017 оны 5-р сарын 05-ны өдөр орон даяар зохион байгуулсан. Өвөрхангай аймагт уг өдөр 900 гаруй хүн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон бөгөөд бүгд С вирүсийн оношилгоонд хамрагдсанаас 10,6 хувь нь буюу 97 иргэнд С вирүс илэрсэн байна. 133 иргэн даралтаа хэмжүүлж, өрхийн эмчээс зөвлөгөө мэдээлэл авсан ба 135 хүн биеийн жингийн индексээ тодорхойлуулсны 76,2 хувь нь буюу 103 хүн илүүдэл жинтэй байжээ. Хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 40-65, 2018 онд 15-39 насны иргэдийг тус тус хамруулан оношилгоо, эмчилгээг хийж эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон байна.  
Аймгийн Засаг дарга Г.Ганболд нээлтийн үйл ажиллагааны үеэр үг хэлэхдээ Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын бичиг баримтад тусгагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг аймгийн хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана хэмээгээд хамгийн гол нь иргэд өөрсдийнх нь идэвхи оролцоо чухал гэдгийг онцолсон юм. Мөн “нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа, амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэдийн эмчилгээний зардлыг шаардлагатай тохиолдолд орон нутгаас хариуцна” хэмээсэн нь олон иргэний талархлыг хүлээлээ. Тодруулбал амьдралын боломж тааруу, эм тариагаа худалдан авах чадваргүй өвчтөнд Засаг даргын нөөц сангаас тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж тусламж, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Тус хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, хийх ажлын төлөвлөгөө боловсруулж байна. Элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг илрүүлэх, эмчлэх ажлыг шат шатны эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэх юм.
 
Б.Батчимэг
 

Монгол брэнд