top banner
Шуурхай мэдээ

2 сая км/цагийн хурдтай хөдөлж буй хос галактикийг илрүүлжээ


2017-05-15 10:52:21
Зураг
НЬЮ-ЙОРК./TASS/. Тойрог замын “Hubble” дуран авайн тусламжтайгаар нэг нэгнийхээ дэргэдүүр 2 сая км/цагийн хурдтай өнгөрч буй эгэл бус хоёр галактикийг илрүүлж чадсан байна. Энэ тухай баасан гарагт АНУ-ын Агаарын орон зай, сансрын уудмыг шинжлэх судлах төв /NASA/ мэдээллээ.

Судлаачид эхэндээ эдгээр галактикийг Туулайн ордод байрладаг IRAS 06076-2139 нэртэй объект байна гэж таамаглаж байжээ. Дуран авайн тусламжтайгаар 500 сая гэрлийн жилийн зайнаас тэдгээр галактикуудад ажиглалт хийсэн байна.

НАСА-гийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, эдгээр хоёр галактикийн хөдөлгөөний хурд их байгаа нь галактикууд хоорондоо нийлэхэд саад болж байгаа аж. Гэтэл хоёр галактик бие биенээсээ 20 мянга орчим гэрлийн жилийн зайд оршиж байгаа нь сансрын хэмжээсээр бол харьцангуй ойрхон зай гэнэ. Гэхдээ ийм зай нь таталцлын хүчний тусламжтайгаар харилцан үйлчлэлцэхэд нь саад болохгүй аж. Ийм харилцан үйлчлэл нь галактикууд "бие биенээ идэх"-ээс авахуулаад мөргөлдөх хүртэл янз бүрийн хэлбэртэй байж болох юм. Тухайлбал, манай галактик болох Сүүн зам нь эцсийн эцэст 4,5 тэрбум жилийн дараа Андромед галактиктай нэгдэн уусах ёстой.

НАСА агентлаг энэ онд  “Hubble” дуран авайн тусламжтайгаар  2021 оны 6 дугаар сарын 30-н хүртэлх хугацаанд эрдэм шинжилгээний ажлыг хамтран гүйцэтгэх тухай гэрээг одон орны судалгаа явуулдаг АНУ-ын их сургуулиудын холбоотой байгуулжээ. Эрдэм шинжилгээний ажлын өртөг 196,3 сая доллар болох аж.

Дашрамд дурдахад, тус агентлаг 2018 онд Европын “Ariane 5” пуужин зөөгч пуужингаар James Webb гэдэг дуран авайг сансарт хөөргөхөөр төлөвлөж байгаа байна. 6,5 м-ийн голчтой толь бүхий James Webb нь ажиглалт хийхэд тун тохиромжтой хэрэгсэл юм. Дуран авайн толин торлол нь 18 сегментээс бүрдэх ба сегмент тус бүр нь 40 кг жинтэй зургаан өнцөгт хэлбэртэй. Эдгээр сегментүүдийг үйлдвэрлэхийн тулд хэт бага температурт тэсвэртэй материал болох бериллийг сонгож авсан байна. Энэхүү шинэ багажийн тусламжтайгаар галактикууд, одод эрхэс төдийгүй манай Нарны аймгийн объектуудын үүслийн талаарх чухал мэдээллийг олж авна гэж найдаж байгаа юм.
О.Барс 


 

 


Монгол брэнд