top banner
Шуурхай мэдээ

Өнгөрсөн намар


2017-05-15 13:59:35
Зураг

Энд бидний мэддэг, үздэгээс тэс өөр түүх өгүүлэгддэг. Чухам хайр сэтгэлийг хүний дотоод мөн чанартай хослуулж өгснөөрөө тус кино алдартай байж мэдэх юм. Дээр нь хэтэрхий дүнсгэр гэмээр зурагт авалтуудтай бөгөөд тачигнатал хөхөрмөөр ганц ч үйл явдал өрнөхгүй. Гэхдээ үзэгчдийг огт инээмсэглүүлэхгүй гэвэл бас худал болох болов уу. 

Тус уран бүтээл нь анх Канадын Торонто хотын дэлгэцнээ гарсан юм. Нэгэн Хятад бүсгүй батлан даалтаар шоронгоос гарч ирэн, Сиатл хотыг зорьж, гэрийнхэнтэйгээ уулзахаар явна. Гэхдээ гол ажил нь гэрийнхэнтэйгээ уулзах бус ээжийн оршуулганд оролцох явдал байв. Харин энэ хугацаанд нэгэн солонгос залуутай танилцах бөгөөд амьдралыг цоо шинэ, өнгөтөөр харах болдог. Эсвэл зүгээр л түүний харанхуй зүрх сэтгэлд жижигхэн гэрэл гийдэг гэж хэлж болно л доо. 

Анна хэмээх үзэсгэлэнт бүсгүй хартай нөхрөө алсан хэргээр ял эдэлж байсан юм. Түүний амьдралд гэнэт гарч ирсэн энэ л буруу, цөнт эргүүлгээс болж тэрээр дуугүй, дотогшоо шургагч нэгэн болсон бөгөөд өөрийгөө хэзээ ч нам гүмээс чөлөөлөхгүйгээр оршиж ирсэн нэгэн. Шоронгоос ээжийнхээ оршуулгад оролцоход нь 72 цагийн чөлөө өгсөн учир Анна, Сиэтл рүү автобусаар явах болно. Энэ автобусанд тасалбарын мөнгөгүй залуу сууж, Аннагаас мөнгө зээлсэн нь баян бүсгүйчүүдтэй явалддаг Хүүн гэгч байв. Эндээс л тэдний хайрын түүх эхэлж, уйтгартай, хөгжилтэй хоёрын дундуур бараан саарал Сиэтл хотоор хөвөрдөг. 

Залуу хэд хоногийн дараа Аннатай таарч анх автобусанд суухдаа зээлсэн мөнгийг нь өгөх гэтэл Анна “Чи намайг хүсч байна уу” гэж хэлснээр тэд буудал зүглэдэг. Гэвч буудалд үнсэлцэж эхлэх үед Анна гэнэт дургүйцэх ба солонгос залууг түлхэж орхидог. Нөгөөх нь гайхсан шинжтэй харж байснаа хувцсаа өмсч дуусаад “Сэтгэл хангалуун бус үйлчлэгчтэй анх удаагаа таарч байна. Би чамд хөнгөлөлт үзүүлье, гарцгаая” гэж хэлдэг. Энэ үед бие биенээсээ хагацан салах нь ямар хэцүү байхыг тэд огтхон ч анзааралгүйгээр сэтгэл зүрхний дуудлага, дотоод зөн совингоороо бүхнийг үйлдэж байлаа. 

Эхийнх нь орчуулган дээр урьд нь холбогдож явсан залуу Хүүнд хандаж Аннаг оролдох хэрэггүй гэж анхааруулдаг ч Хүүн үүнийг нь тоохгүйгээр барахгүй зодоон хийнэ. Эргэн тойрны хүмүүст мэдээж энэ нь ичгэвтэр санагдах зүйл. Бүгд уй гашууд автаж байхад зодолдох ёсгүй шүү дээ. Яагаад ийм юм болсныг асуухад Хүүн нэг сэрээ аваад Аннад хандаж “Тэр миний сэрээг хэрэглэсэн, уучлал ч гуйгаагүй” гэдэг. Анна учрыг нь ойлгосон учир “Яагаад түүний сэрээг хэрэглэсэн юм гэж орилно”. Харин өнөөх залуу нь сэрээ нь хоолны хэрэгсэл биш Анна юм байна гэдгийг ойлгож уучлал гуйдаг. Зүгээр л нэг үйл явдал ямар их зөрчил, тэмцэлд эцэслэл тавьж өгснийг үзэгчид ойлгох нь чухал. 

Ингээд Анна шорон руугаа буцах болдог. Замд хэтэрхий их манан буусны улмаас тэд нэгэн кафед удахаар болно. Энэ үед хэсэг залуус Хүүнийг барьж аваад нэг өвгөнтэй уулзуулдаг. Тэр нь урьд явалдсан нэг бүсгүйн нөхөр байдаг. Өнөөх хүн эхнэрээ үхсэнийг дуулгаж, Хүүн мөнгийг нь булааж аваад алсан хэрэгт буруутгана. Басхүү эхнэрийн минь дурласан хүн ямар царай төрхтэйг харах гэж ирснээс бус өөрт нь хор хүргэх зорилгогүйг хэлдэг. Ингээд хоёр хос маань хоёул шорон руу явах хувь тавилантай болно. Тэр тавилангаа ухамсарласан учир Хүүн эсэргүүцэл үзүүлдэггүй. Гэхдээ тэр үзүүлж болно. Учир нь эмэгтэйг тэр алаагүй билээ. 

Хүүн чимээгүйхэн явсаар манан дунд Аннатай уулзаж “Яг хоёр жилийн дараа, чамайг суллагдах өдөр эндээ уулзая” гэж хэлдэг. Хоёр жилийн дараа Анна нөгөө газартаа ирнэ. Тэр Хүүнийг хэсэг хугацаанд хүлээж ганцаараа сууна. Гэнэт хаалга дуугарч хүн ирэх чимээнээр үүд рүү харцаа тусгаж өөрийнхөө урд талын суудалд хэн нэгнийг ирж суугаагаар төсөөлдөг. Тэгснээ “Сайн уу, удаан уулзсангүй шүү” гэж хэлснээр кино төгсөнө. Магадгүй солонгос залуу ирсэн байж болох. Гэхдээ Аннагийн гунигтай харцнаас ирээгүй гэдгийг үзэгчид ойлгоно. Хамгийн гол нь тэд товлосон газраа биш ч гэлээ ирээдүйд уулзах нь ойлгомжтой. Түүнийг үзэгчдэд далдуур мэдрүүлэхийн тулд л киног ингэж төгсгөсөн юм. 

Тэгээд ч хайр сэтгэлийн тухай кинонд харилцан яриа чухал бус гэдгийг маш хүчтэйгээр илэрхийлсэн кинонуудыг нэг бол яах аргагүй “Late Autumn” билээ. Хэдийгээр Анна, солонгос залуутай бараг ярьдаггүй боловч, үйлдэл, харц, сэтгэл зүрхээрээ хэрхэн ойлголцож чадаж байгааг тус кинонд үзүүлнэ. Хүүн түүний ертөнцийг харах үзлийг өөрчилж дотроо булшлагдсан сэтгэлийг нь чөлөөлж өгдөг. Хамгийн гайхалтай аргаар. Өөрт нь дургүй байсан ч ганцаардмал ахуйд нь түүнийг орхиж явах учиргүй гэдгийг тэр маш сайн мэддэг. 
Б.Алтанхуяг
 
 
 

Сурталчилгаа
Монгол брэнд