top banner

Эм, вакцины асуудлаар мэргэшүүлэх сургалт болж байна


2017-05-15 14:39:06
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эм, вакцины чанарын болон эрсдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт сургалт Континенталь зочид буудалд таван өдөр үргэлжилнэ.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон Номхон далайн баруун эргийн бүс, ЭМЯ, Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд болон эмийн зохицуулалтын чиглэлээр хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл эл сургалтад хамрагдаж байна.

Уг сургалтаар эмийн зохицуулалтын байгууллагын чанарын удирдлагын тогтолцоо, өнөөгийн байдал, эм,  эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, эрх зүйн зохицуулалт, эм, вакцины бүртгэл, импорт, экспортын лиценз олголт, эм, вакцины гаж нөлөө, аюулгүй байдлын бүртгэл мэдээлэл сэдвээр зохион байгуулж байгаа юм.



Уг сургалтыг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нээж “ДЭМБ нь гишүүн улс орнуудын эм, вакцины зохицуулалтын байгууллагын чадамжийг дээшлүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхижуулах талаар байнга дэмжлэг үзүүлэн ажилладаг. Үндэсний зохицуулалтын байгууллагын /NRA/ үндсэн зорилго нь ард иргэдийг чанарын баталгаатай, аюулгүй, өндөр идэвхитэй вакцинаар дархлаажуулж, урьдчилан сэргийлж болох халдварт өвчний тархалтыг бууруулах  юм. Монгол Улс вакцин үйлдвэрлэдэггүй болон ДЭМБ-ын баталгаажуулалтанд хамрагдсан вакциныг НҮБ-ын шугамаар худалдан авалт хийж Үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрийн дагуу дархлаажуулалт хийдэг. Монгол Улсын эм, вакцины бодлого, зохицуулалтын үйл ажиллагааг өөр өөр байгууллагууд хариуцдаг ба ЭМЯ-ны ЭЭХҮХ нь эмийн бодлого боловсруулах, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн алба нь зөвшөөрөл, гэрчилгээ олгох, хэрэгжүүлэх  МХЕГ-ийн Эрүүл мэндийн хяналтын хэлтэс нь хяналт шалгалт явуулах,   ХАБҮЛЛ нь эмийн чанарын хяналт, шинжилгээ зэргийг тус тус хариуцах чиг үүрэгтэй. Үндэсний зохицуулалтын байгууллага /NRA/ нь 2016 оны зургадугаар сарын 14-16-нд Эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Энэ дүнгээр чанарын удирдлагын тогтолцоо аль ч үйл ажиллагаанд хэрэгжээгүй байсан. Чанарын удирдлагын тогтолцооны уг сургалтын дараа хэрэгжилт, хяналт, үнэлгээ, мэргэжилтнүүдийн сургалт, мэдээлэл солилцох, зохион байгуулах үйл ажиллагаа, үзүүлэлт сайжрах юм. Энэ сургалтаар  чанарын удирдлагын тогтолцоо, эрсдлийн харилцааг Монгол Улсын эм, вакцины зохицуулалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна”  хэмээн онцлов.

Д.Өлзий

Монгол брэнд