top banner

"Заяын хүрээний үүсэл хөгжил" үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ


2017-05-15 15:35:40
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн музей Зая гэгээний 375 жилийн ой тохиож байгаа болон олон улсын музейн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг угтан "Заяын хүрээний үүсэл хөгжил" үзэсгэлэн өнөөдөр нээлээ. Үзэсгэлэнд Заяын хүрээний түүхэн гэрэл зураг, Заяын хүрээтэй холбогдолтой ном, Заяын хүрээний макет, Зая гэгээнтнүүдийн хөрөг зураг, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс тавигджээ.
Мөн "Заяын хүрээг хэн сайн мэдэх вэ" гар зургийн уралдаанд I, II, III, Ирээдүй, Спортын төрөлжсөн сургалттай сургуулиудын 5-12-р ангийн 30 гаруй сурагч бүтээлээ ирүүлснээс 1-р байранд III сургуулийн 6в ангийн сурагч А.Марал, 2-р байранд I сургуулийн 12б ангийн сурагч Ц.Очирхүү, 3-р байранд I сургуулийн 6б ангийн сурагч Г.Өлзийсүрэн нар орсон байна.
Музейгээс зохиосон энэхүү ажил нь хүүхэд залуучуудыг чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, төрөлх нутгийнхаа үүсэл хөгжлийг судлан танин мэдэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжихэд чиглэсэн байна.
Үзэсгэлэнг 5-р сарын 15 өдрөөс 19-ний өдрийг хүртэл үнэ төлбөргүй үзүүлж байна.

Б.Гэрэлт-Од

Монгол брэнд