top banner

СБД-ийн боловсролын байгууллагууд ажлаа тайлагнав


2017-05-15 15:54:56
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, боловсролын байгууллагын менежмент, чадавхийг сайжруулах зорилгоор нийслэлийн 9 дүүргийн боловсролын салбар, боловсролын хэлтсийн үйл ажиллагааг сурталчлах, тэргүүн туршлагыг судлан түгээн дэлгэрүүлэх ажлыг дүүрэг бүрт зохион байгуулж буй.

Энэ хүрээнд “Боловсролд ээлтэй Сүхбаатар” тайлант өдөрлөг өнөөдөр Монгол гуравдугаар сургууль дээр болов.

Өдөрлөг Олон улс, Улс, Нийслэл, дүүргийн уралдаан тэмцээн, олимпиадад амжилттай оролцсон шилдэг 300 гаруй хүүхэд, сурагч, сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр хэмжих урамшуулалд хамарсан багш нарын парадаар эхэллээ. 
 

СБд-ийн Засаг дарга хэлэхдээ, “Манай дүүргээс сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, хүүхэд бүрийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарал хандуулан ирсэн уламжлалтай. Бид цаашдаа ч гэсэн орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагааг хангах, сургалтын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллана. Тухайлбал, хүүхдийн аюулгүй орчны зураглал гаргаж сургууль, цэцэрлэг бүрт хэрэгжүүлэх, хүүхдэд зөвлөгөө өгөх Сэтгэлзүйн төв нээх зэрэг шинэлэг ажлыг хэрэгжүүлэхэээр дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхдээ эрдэмтэн багш нар, эцэг эхчүүд, хүүхдүүд та бүхэнтэй хамтран ажиллана” гэв.

Өдөрлөгийн үеэр 2012-2017 онд боловсролын салбарт хийсэн ажлын кино тайланг танилцуулж, сургуулийн өмнөх, бага, албан ба албан бус боловсролын туршлага солилцох өртөөг сургуулийн дотор 1, 2, 3 дугаар давхарт байрлуулж, боловсролын шатлал бүрт хийсэн онцлог, шинэлэг ажлуудыг танилцуулав.



Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн гимнастикийн хамтлаг, үлээвэр, морин хуур, бөмбөр, бишгүүр хөгжмийн хамтлаг, ардын бүжиг, найрал дууны хамтлаг зэрэг 500 гаруй авьяаслаг багш, сурагчид тоглолтоо сонирхуулсан юм.

Өдөрлөгт дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Энхмаа, Боловсролын хэлтсийн дарга Б.Үүлэнсолонго болон нийслэл, дүүргийн боловсрол хариуцсан дарга мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар, эцэг эхийн төлөөлөл, хүүхэд багачууд оролцов.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Монгол брэнд