top banner

Б.Батмөнх: Хонгор нутгаас дэлхийн аварга төрлөө гэж дуудуулахыг мөрөөддөг


2017-05-15 20:13:44
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хонгор нутгаас маань Олон улсын хэмжээнд гарч ирж буй нэгэн тамирчинг танилцуулж байна. Тэрээр хэн хүний зориглож ороод байдаггүй мото спортоор хичээллэж чамгүй амжилтын эзэн болоод буй. Баянхонгорчуудын хараанд хараахан өртөөгүй ч олон улсад аль хэдийнэ үнэлэгдсэн энэ залууд холын том зорилго бий. Баянхонгор аймгийн уугуул, Спортын мастер Баярсайханы Батмөнх 2012 онд оюутан болж, Улаанбаатар хотыг зорьсон тэр цагаас спортын гараагаа эхэлжээ.
-Мото спортоор хичээллэдэг хүмүүс тийм ч олон биш. Чиний хувьд яагаад энэ спортоор хичээллэх болсон бэ?
-Би бага байхаасаа л энэ спортоор хичээллэх юмсан гэж мөрөөддөг байсан. Намайг бага байхад өвөө, аав маань уралдааны мотоцикльтой, түүнийгээ унадаг байсан нь надад нөлөөлсөн байх. 2012 онд Номгон ахлах сургуулийг төсөөд оюутан болж, Улаанбаатар хотод ирсэн. Ингэж мотоцикль унах боломж бүрдсэн. 2013 онд аав, ээжийнхээ дэмжлэгээр анхны мотоциклио авч, сонирхогч байдлаар унаж эхэлсэн. Улмаар Эко мото спорт аяллын клубт сонирхогч, аялагч гишүүнээр элсэж байлаа. Эндээс мото спорт руу эргэлт буцалтгүй орсон гэж хэлж болно.
-Анхны уралдаан хэзээ байсан бэ?
-2013 онд миний анхны уралдаан болох сонирхогчдын ангиллын уралдаанд оролцож байсан. Энэ уралдаандаа түрүүлснээр урамшиж, цаашдаа хичээллэх боломжтой гэсэн бодлыг өөртөө тээж, зорилго тавьж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн Эко мото спорт аялалын клубын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батбаяр ахынхаа дэмжлэгээр Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг, түүний хүү Ази тивийн аварга ОУХМ Э.Халиунболд багш нарыхаа удирдлаган дор Үндэсний авто мото спортын клубт мэргэжлийн тамирчинаар элсэн орж хичээллэж эхэлсэн.
-Тэр цагаас хойш оролцсон тэмцээн уралдаан, гаргасан амжилтаасаа дурдаач?
-Оролцсон тэмцээн, уралдааныхаа тоог алдчихсан байна. Мото кроссын 2014, 2015, 2016 оны улсын аваргад гурван жил дараалан хоёрдугаар байрт орж байсан. Мөн 2016 оны улсын аварга шалгаруулах Enduro төрлийн аваргаар тодорсон.  Улсын аваргын уралдаан 1-6 цуврал болдог. Эдгээрийн нийлбэрээр шалгаруулдаг. Цуврал уралдаануудад 1-3 дугаар байруудад хэд хэдэн удаа орж байсан. Үүнээс гадна компани, ахмад тамирчдын нэрэмжит уралдаануудад олон удаа түрүүлж байлаа.
Сүүлийн үеийн амжилт гэвэл ОХУ-ын Сибирын аварга шалгаруулах Олон улсын тэмцээнд оролцож гуравдугаар байрт орж байсан. Өмнөх жилүүдэд нь шагналт байруудад орж байсан. Сая Буриадын аварга шалгаруулах тэмцээнд оролцож гуравдугаар байрт орсон. Өнгөрсөн жилүүдэд нэг, хоёрдугаар байрт орсон амжилт гаргасан. Энэ тэмцээнд ОХУ, Монголоос тамирчид очиж оролцохоос гадна Буриадын бүх мужаас тамирчид оролцдогоороо томд тооцогдох тэмцээн.
-Цаашдын зорилго?
-Мэдээж хэрэг тив, дэлхийд амжилт үзүүлэх зорилготой. Дэлхийн аварга болох мөрөөдөлтэй. Ойрын зорилт Азийн аварга шалгаруулах уралдаанд орох явдал. Би өмнө нь зардал санхүүгийн асуудлаас болоод Азийн аваргын уралдаанд оролцож үзээгүй. Тиймээс энэ уралдаанд оролцож байр эзлэхийг хүсч байгаа.
-Мото спорт дотроо хэд хэдэн төрөлтэй гэж сонсч байсан. Таны хувьд аль төрлөөр нь хичээллэдэг вэ?
-Мото спорт дотроо таван төрөлтэй. Миний хувьд мото кросс төрлөөр уралддаг. Энэ нь бэлтгэсэн харайлт, эргэлт, нидрүүлэг зэрэг бартаагаар гараанаас нэгэн зэрэг гарч уралддаг төрөл. Мөн 2011 оноос хойш манайд хөгжиж байгаа Enduro төрөл гэж бий. Энэ нь байгалийн болон бэлтгэсэн бартаа сааданд уралддаг. Би мөн энэ төрөлд уралддаг. 2016 оноос Enduro төрлийн улсын аваргыг зохиох болсон. Ралли төрөл нь зураг уншиж холын зайд нэг өдөрт 400-500 км уралддаг, freestyle  буюу сонирхолтой үзүүлэр үзүүлдэг гэх мэт төрлүүд бий.
-Уралдааны зам хүнд, тамирчдаас өндөр ур чадвар шаардах нь мэдээж. Энэ утгаараа мото спорт маш эрсдэлтэй. Эрсдэлээс хэрхэн хамгаалдаг вэ?
-Эрсдэл өндөр.Тамирчнаас байнгын анхаарал, өндөр ур чадвар шаардана. Тиймээс маш сайн тооцоолол хэрэгтэй. Техникээ өөрийнхөө нэг хэсэг шиг болтол нь эзэмших нь чухал болдог. Анхнаас нь хичээллэхдээ техникээ маш зөв эзэмших ёстой. Хэзээ эрсдэл гарахыг урьдчилан хэлж хэн ч мэдэхгүй учраас мэдээж дээрээс нь маш сайн хамгаалалтын хувцас хэрэглэх ёстой. Тухайн тамирчны ур чадвар нэмэгдэх тусам эрсдэл дагаад нэмэгддэг.
-Ер нь танай спорт хэр өртөгтэй спорт вэ. Мотоцикль, түүний тоноглолт, хувцас хэрэглэл гэхээр чамгүй мөнгө шаардагдах юм шиг санагдаж байна?
-Өртөгийн хувьд үнэхээр өндөр. Шинэ мотоцикль 10 мянган долларын үнэтэй. Энэ үнээс дээш, доош үнэ хэлбэлзэнэ. Ашиглалтын хувьд монголын нөхцөлд хоёр зун унадаг. Үүний зэрэгцээ урсгал зардал бас гардаг. Тухайлбал, бинзен тогтмол хийнэ, агаар шүүгчийг өдөр болгон угаана, зориулалтын тос масло, угаагчаар угаана. Хувцас хэрэглэлүүд мөн үнэтэй. Хамгаалах хэрэглэл учраас сайн чанарынх байх ёстой. Өвдөг, цээжний хамгаалалтуудад, гутал, каск маш чухал. Нэг бүрийнх нь үнэ төгрөгөөр 1,5 сая орчим болдог.
Би одоогоор мотоциклио санхүүгийн зайлшгүй шаардлагын улмаас зарчихсан байгаа. Тамирчин ах нарынхаа мотоциклийг гуйгаад тэмцээн уралдаанд оролцож байна.
-Манай улсад мото спорт хэр хөгжсөн гэж үздэг юм бэ?
-Олон улстай харьцуулахад тийм ч сайн биш. Мэргэжлийн тамирчид үйлдвэрээс гарсан мотоциклиор шууд уралддаггүй. Тухайн мотоциклио тоноглож мэргэжлийн түвшинд болгох ёстой байдаг. Харин манайд энэ асуудал хоцрогдсон гэж хэлж болно. Харин Олон улсын, тив, дэлхийн чанартай уралдаанд оролцоод явбал тамирчдын ур чадварын хувьд хаана ч гологдохгүй гэж хувьдаа боддог. Гэвч сүүлийн жилүүдэд манай холбоо Олон улсын тэмцээн уралдаанд тамирчдаа оролцуулах тал дээр сайн ажиллахгүй байна уу даа гэж хардаг. Мэдээж энэ нь хөрөнгө санхүүтэй холбоотой.
-Тамирчны амжилт бэлтгэл, сургуулилттай салшгүй холбоотой. Та бүхэн бэлтгэлээ яаж хийдэг вэ?
-Өвөл бэлтгэл хийх боломжгүй. Тиймээс зуны хэдэн сар тасралтгүй бэлтгэлд гардаг. Манай улсад мото кроссын хоёр зам бий. Нэг нь морин даваанд, нөгөөх нь Үндэсний авто, мото спортын клубын хийсэн зам. Энэ хоёр зам дээрээ зуны улиралд бэлтгэлээ хийнэ дээ. Мөнгө санхүүгийн боломжтой, ивээн тэтгэгчтэй тамирчдын хувьд өвөлдөө дулаан оронд очиж бэлтгэлээ хийдэг. Тухайлбал, манай багш Халиунболд АНУ-д бэлтгэлээ хийдэг байх жишээтэй. Гадны тамирчидтай хамт бэлтгэлд гарснаар тамирчдын ур чадвар өсөх боломж улам бүр нэмэгддэг сайн талтай.
-Өөрийн чинь хувьд ивээн тэтгэгч, хамтран ажилладаг компани бий юу. Баянхонгор аймгийн зүгээс дэмжлэг үзүүлдэг үү?
-Одоогоор ивээн тэтгэгчгүй бор зүрхээрээ л уралдаж байна даа. Аав ээж, өөрийнхөө хүчээр сүүлийн хэдэн жил сэтгэл байхад болно доо гэдэг шиг явж байна. Намайг нутгийнхан маань мото спортын тамирчин гэж төдийлөн мэдээгүй байх. Ер нь тэмцээн, уралдаанд амжилт гаргаад ирэнгүүт тамирчдыг тодорхой компани, нутгийнх нь зүгээс дэмжээд тухайн тамирчны цаашид амжилт гаргах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Наад зах нь тогтмол цалинтай болгочихдог. Мото спорт өөрөө цэвэр эр зоригийн, ур чадварын спорт. Үзэгч, дэмжигч маш олонтой. Энэ утгаар нь гадны улс оронд бол мото спортын тамирчдыг дэмжиж, санхүүжүүлэх сонирхол өндөр байдаг юм билээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 
                                                                                                                        Б.Мөнхзул

Монгол брэнд