top banner
Шуурхай мэдээ

Бугат хоттой тогтоох харилцааг эрүүл мэндийн салбарт чиглүүлнэ


2017-05-16 09:10:51
Зураг
Дундговь/МОНЦАМЭ/ Эмчилгээ оношлогоонд дэвшилт гаргаж, эмч мэргэжилтнүүдийнхээ мэргэжил мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор хамтын ажиллагаа тогтоох саналыг Дундговь аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ ӨМӨЗО- ны Бугат хотын Эрүүлийг хамгаалах газарт тавьсан байна.
Тэрээр өнгөрөгч долоо хоногт Бугат хотын дэд дарга Ү Эр Бин, Засгийн газрын нарийн бичгийн дэд дарга Зан Зан, Гадаад хэргийн дэд эрхлэгч Хуан Сан Фань, Бугат хотын Эрүүлийг хамгаалах болон төлөвлөгөөт төрөлтийн комиссын дарга Ван Жин Бин нартай Бугат хотод уулзсан бөгөөд хоёр тал эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар ярилцжээ. Дундговь аймгийн хувьд хүн амын нас баралтын голлох шалтгаан болж байгаа хавдрын өвчлөлийг эрт илрүүлэхэд оношлогооныхоо хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Тухайлбал, компьютер томографи, MRI аппарат аймгийн Нэгдсэн эмнэлэгт байхгүй учраас иргэд Улаанбаатар хотыг зорьдог. Оношлогооны төвтэй болоогүй цөөн аймгийн нэг нь ч Дундговь болж байгаа юм. Бугат хоттой тогтоож байгаа хамтын ажиллагааны хүрээнд оношлогооны шаардлагатай аппаратыг хөнгөлөлттэй нөхцлөөр авах, түүнчлэн эмч мэргэжилтнүүдийг Бугат хотод дадлагажуулж, мэргэжил мэдлэгийг нэмэгдүүлэх, Бугат хотын эмнэлэгт эмчилгээ оношлогоо хийлгэх гарцыг иргэддээ нээж өгөхийг зорьж байгаагаа Засаг даргын зүгээс илэрхийлжээ.
Уулзалтын дүнд хоёр тал хамтын ажиллагаа тогтоохоор болсон байна. Дундговь аймгийн зүгээс хамтын ажиллагааны саналаа тодотгон явуулж, удахгүй 2 тал санамж бичигт гарын үсэг зурах ажээ.  
 
Т. Отгонтуяа

Сурталчилгаа
Монгол брэнд