top banner
Шуурхай мэдээ

Казахстан улс олборлолтыг танах тухай тохиролцоог сунгахыг дэмжинэ


2017-05-16 10:34:55
Зураг
АСТАНА. /TASS/. Казахстан улс нефтийн олборлолтыг хязгаарлах тухай ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын байгуулсан хэлэлцээрийг сунгахыг дэмжих болно гэж тус улсын Эрчим хүчний сайд Канат Бозумбаев мэдэгдлээ.

“Зах зээлд тэнцвэртэй байдал бий болоогүй энэ үед олборлолтыг танах талаар тавьж буй хүчин чармайлтыг дэмжих нь зүйтэй. Өнгөрсөн оны эхний улиралд Казахстан улс нэг баррель нефтийг 30 доллароор худалдаж байсан бол энэ онд дундаж үнэ 52 доллар болжээ. Тэгэхээр дээрх хэлэлцээр үр дүнгээ өгч, манай улс 22 долларын нэмэлт орлого олсон байна” гэж сайд дурджээ.

“Казахстан улсад өөрийн гэсэн онцлог бий. Энэ нь Кашаганы орд юм. Энэ ордыг өнгөрсөн онд нээсэн боловч энэ онд бүрэн хэмжээгээр олборлолт хийж эхэлнэ. Бид 24-25-нд болох хэлэлцээний үеэр Казахстан улс олборлолтыг танах тухай хэлэлцээрт ямар үүрэгтэй оролцох вэ гэдгийг ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудтай ярилцах болно” гэж Казахстан улсын Эрчим хүчний сайд тэмдэглэн хэлэв.

Сануулан дурдахад, 2016 оны 12 дугаар сарын эхээр ОПЕК-ийн гишүүн орнууд болон гишүүн бус 11 улсын төлөөлөгчид зөвшилцсөний үндсэн дээр 2017 оны эхний хагас жилийн хугацаанд өдөрт олборлох нефтийн хэмжээг 1,8 сая баррелиар бууруулах тохиролцоонд хүрсэн билээ. Үүний зорилго нь дэлхийн нефтийн нөөцийг сүүлийн 5 жилийн хугацаан дахь дундаж хэмжээнд хүргэж бууруулах явдал юм.

Энэ сарын 24-25-ны өдрүүдэд Австрийн Вена хотод дээрх хэлэлцээрийг сунгах эсэх тухай асуудлыг хэлэлцэх гэж байна.
Х.Сарнай  

Сурталчилгаа
Монгол брэнд