top banner

Шөнийн цахилгааны үнийг тэглэснээр нэг өрх дунджаар 9000 төгрөг хэмнэжээ


2017-05-16 12:57:33
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний салбарын 2016 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэж, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх, 2017 оны төлөвлөгөөгөө боловсруулах зорилго бүхий “Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” өнөөдөр болов.

Энэ онд Эрчим хүчний салбарт ТЭЦ III-т 250 мВт, Дорнодын цахилгаан станцид 50 мВт-ийн өргөтгөл хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ онд төслийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцид 35 мВт өргөтгөл хийх ажлыг үргэлжүүлэх аж. Дарханы цахилгаан станцийн өргөтгөл эхлээд гурван жил болсон бол Эрдэнэт өнгөрсөн онд гүйцэтгэгчээ сонгон шалгаруулжээ. Дээрх хоёр төслийг ирэх онд дуусгахаар төлөвлөсөн гэдгийг ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж хэллээ.

Тэрээр, “Сэргээгдэх эрчим хүчний хувьд  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 50 мВт-ийн салхин цахилгаан станц энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орно. Дорноговь аймгийн Сайншандад 50 мВт-ийн төсөл эхлүүлэхээр төлөвлөж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Эгийн голын усан цахилгаан станцийг ашиглалтад оруулах заалт туссан. Тиймээс тус төслийн дэд бүтцийн ажил 2016 онд эхлүүлсэн ч ОХУ-ын зүгээс Байгаль нуурын экосистемд сөрөг нөөлөөтэй байгаа тул зогсоож өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Үүний дагуу түр зогсоогоод байна. Өмнө нь Францын компанитай хамтран хийсэн судалгаагаар Байгаль нуурийн экосистемд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ энэ судалгаанд ОХУ-ын төлөөлөгчид оролцоогүй. Тиймээс энэ онд ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх юм.Дээрх төслүүдийг “Энэржи Монголиа 2017” олон улсын хурал, үзэсгэлэнгийн үеэр нийтэд танилцуулж, гадны хөрөнгө оруулалт татах боломжийг эрэлхийлэх болно” гэлээ.

Өнгөрсөн хугацаанд тогтмол алдагдалтай ажиллаж ирсэн эрчим хүчний салбар 2015 оноос ашигтай ажиллах болсон. 2016 онд төсвөөс 15 тэрбум төгрөгийн татаас авч, 200 тэрбум төгрөгийн татвар төлж, 11 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна. Цаашдаа энэхүү амжилтаа хадгалж, улмаар экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж байгаа гэдгийг Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны дарга А.Тлейхан дурдлаа.

Засгийн газрын 2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрт Эгийн гол, Ховд голын усан цахилгаан станц, Тавантолгойн болон Төвийн бүсийн цахилгаан станц барихаар тусгасан бөгөөд одоогоор ТЭЗҮ боловсруулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулах ажлыг эхлүүлээд байгаа юм. Эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлбэл дотоодын эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангах боломж бүрдэнэ. Улмаар Шивээ-Овоо, Тэвшийн говь болон Хашаат цавын нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц барихаар судалгаа явуулж байгаа аж. Тус станцийн үйлдвэрлэсэн бүх эрчим хүчийг экспортод гаргах боломжтой. Одоогоор судалгааны ажил дуусаагүй байгаа тул хүчин чадал болон санхүүжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг ЭХЯ-ны удирдлагууд хэлж байлаа.

Тус салбарт 2008 оноос хойш таван төрлийн үнийн зохицуулалт үйлчилж байгаа юм. Нэг мВт цахилгаан үйлдвэрлэхэд 141 төгрөг зарцуулдаг ч хэрэглэгчдэд харьцангуй хямд үнээр түгээж байгаа аж. Тухайлбал, иргэдийн худалдан авах чадвартай уялдуулан сард 150 мВт хүртэлх цахилгаан хэрэглэсэн бол 1 мВт-ыг нь102 төгрөг, түүнээс дээш бол 122 төгрөгөөр тооцдог байна. Мөн нийт хэрэглэгчдэд 22.00-06.00 цаг хүртэл цахилгааныг 79 төгрөгөөр борлуулж байна. Түүнчлэн эмзэг бүлгийн иргэдийн цахилгааны үнийг 69 төгрөгөөр  тооцдог аж. Өнгөрсөн онд гэр хорооллын иргэдийн шөнийн цахилгааны үнийг тэглэхэд 120 мянга орчим өрхөд 44 тэрбум төгрөг зарцуулсан байна. Нэг өрх сард дунджаар 9000 төгрөг хэмнэжээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр

Монгол брэнд