top banner
Шуурхай мэдээ

Сэлэнгэ аймгийн төсвийн орлого, зарлагын хэмжээг 64 тэрбум төгрөгөөр баталлаа


2017-05-16 16:30:58
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн 2017 оны тодотгосон төсөв боловсруулж, батлуулахад баримтласан зарчмыг үндэслэн Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар аймгийн 2017 оны тодотгосон төсвийн орлого, зарлагын хэмжээг 64 тэрбум гаруй төгрөгөөр баталлаа. 
Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн 2017 оны тодотгосон төсөв боловсруулж, батлуулахад баримтласан зарчмыг тодруулбал төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах, цалин хөлс цаашид нэмэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх, орон тооны хязгаарлалтын горим тогтоон мөрдүүлэхээр УИХ-аас Засгийн газарт чиглэл өгсөнтэй холбогдуулан орон нутгийн нийт суурь зарлагаас 0.2 тэрбум төгрөг, улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох тусгай зориулалтын шилжүүлгээс 1.4 тэрбум төгрөгийг тус тус бууруулан ажиллах арга хэмжээг орон нутагтаа хэрэгжүүлж ажиллахыг тусгажээ.
Тухайлбал:
а/Төрийн албан хаагчид зэрэг, дэв олгох буюу зэрэг, дэв ахиулах шийдвэрийг 2017-2019 онд гаргахгүй байх;
б/Төрийн албан хаагчийн албан тушаалын зэрэглэл, шатлалыг ахиулахыг 2017-2019 онд түр зогсоох талаар орон нутгийн засаг захиргааны болон тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг төсөвт байгууллагын төсвийн шууд захирагч нарт үүрэг болгох;
в/2017-2019 онд зөвхөн эрүүл мэнд, боловсролын тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагаас хоёр албан хаагч чөлөөлөгдсөн тохиолдолд нэг албан хаагчийг (2:1) нөхөн томилох, бусад бүх салбарт нөхөн томилгоо хийхгүйгээр ажилтны ажил үүргийн хуваарийг шинэчлэн оновчтой тогтоох замаар ачааллыг нягтруулах, хэрэв зайлшгүй шаардлагатай орон тоог нөхөн томилох шаардлагатай гэж үзвэл төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад дахин зохион байгуулалт хийх зарчмаар шийдвэрлэх арга хэмжээг зохион байгуулахаар заасан байна.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд