top banner

Монгол Улсын экспортын хэмжээ 41 хувиар өсчээ


2017-05-16 18:10:22
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 110-120 хувиар өссөнтэй холбогдуулан Монгол Улсын эдийн засагт хэд хэдэн эерэг өөрчлөлт гарч байгааг өнөөдөр Монголбанкнаас мэдээлэв.

Тус банкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир, “ Нүүрсний үнэ өссөнтэй холбоотойгоор Монгол Улсын экспортын хэмжээ 41 хувиар өссөн. Үүнийг дагаад валютын орох урсгал ч нэмэгдэж, ДНБ-ний эхний улирлын өсөлт өнгөрсөн оны мөн үеэс 4.2 хувиар өссөн байна. Ингэснээр гадаад сектор буюу төлбөрийн тэнцлийн дарамт багасч, төгрөгийн валюттай харьцах ханш тогтвортой болж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор иргэд болон байгууллагууд ам.долларын хадгаламжаа төгрөг рүү хөрвүүлэх нь нэмэгдэж байна.

Түүнчлэн төгрөгийн ханш тогтворжиж буйтай холбогдуулан чанаргүй зээлийн хэмжээ буурч байна. Өнгөрсөн сарын эцсийн байдлаар чанаргүй зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.9 хувийг эзэлж байгаа юм. Түүнчлэн өмнөх саруудад арилжааны банкууд зөвхөн хэрэглээний зээлүүд олгож байсан. Одоо уул уурхай, барилга зэрэг салбарт зээл олгож эхэлж байна.

Энэ бүхэн нүүрсний үнийн өсөлт болон Монгол Улс, ОУВС-тай хамтран ажиллах болсонтой салшгүй холбоотой юм” гэлээ.
Ч.Ариунболд

Монгол брэнд