top banner
Шуурхай мэдээ

Жижиг дунд үйлдвэрлэлийн паркад мянгат малчид хөрөнгө оруулжээ


2017-05-16 20:34:45
Зураг
Дундговь/МОНЦАМЭ/ Жижиг, дунд үйлдвэрлэлийг сумандаа тогтвортой хөгжүүлж, иргэдээ ажилтай орлоготой байлгахын тулд Гурвансайхан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл санаачлан Жижиг дунд үйлдвэрлэлийн паркыг сумынхаа төвд бариулж байна. Үүнийг ирэх сарын эхээр ашиглалтад хүлээн авах бөгөөд энд тус сумын үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч иргэд төвлөрөн үйл ажиллагаа явуулах юм.
Тодруулбал, мах, сүү цагаан идээ боловсруулах, оёдол эсгүүр, модон эдлэл, гутал, эсгий шаахай, эдлэлийн үйлдвэрлэл, үсчин гоо сайхан, угаалга цэвэрлэгээний үйлчилгээ байршина. Иргэд үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ байрыг түрээсээр эзэмшин ажиллана гэж сумын ЗДТГ- ын дарга Б. Энхтуяа хэллээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн парк 150 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй. Үүний 50 сая төгрөгийг сумын мянгат малчдын үүсгэн байгуулсан “Мянгатын сан”- гаас зарцуулж байгаа юм байна.
Тус сумын мянга, түүнээс дээш толгой мал сүрэгтэй малчид жил тутамд 1 сая төгрөгийг төвлөрүүлэхээр  “Мянгатын сан”- г үүсгэсэн бөгөөд санд хуримтлагдсан хөрөнгийг тусгай журмын дагуу захиран зарцуулна. Ингэхдээ сум орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, залуу боловсон хүчнийг сургаж бэлдэх, гадаад дотоодын их дээд сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлэх, сумын төвийн дэд бүтэц, материаллаг баазыг нэмэгдүүлэх, иргэдээ орон сууцжуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд зарцуулахаар журамдаа тусгажээ.
Энэ сангийн анхны хөрөнгө оруулалт нь энэхүү жижиг дунд үйлдвэрлэлийн парк болж байна. Барилгын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын "Soprema"ХХК ажиллаж байна.
 
Т. Отгонтуяа 
 

Сурталчилгаа
Монгол брэнд