top banner
Шуурхай мэдээ

А.Цогцэцэг: Хүүхдийг эхийн сүүгээр хооллодгоороо жишээ болж байсан Монгол Улс 47 хувь руу ухрав


2017-05-17 12:56:59
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүүхдийн сүүн тэжээлийг эмчийн жороор  эмийн сангаар олгоно”, “0-6 сартай хүүхдээ хөхний сүүгээр хооллоогүй эхчүүд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ” зэрэг мэдээлэл ташаа гэдгийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэдэгдлээ.

2005 онд баталсан Эхийн сүү орлуулагчийн тухай хууль нь өнөөгийн хэрэгцээ нөхцөлд бүрэн нийцэхгүй,  нэршил, тайлбар буруу томъёологдсон, нэгээс дээш насны балчир хүүхдийн хүнстэй холбогдох харилцаа зохицуулалтгүй зэргийг үндэслэн шинэчлэх шаардлагатай болжээ. 

Хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр ба түүнээс дээш нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлбэл жил бүр эндэж буй хүүхдүүдийн амь насыг аварч, уушгины хатгалгаагаар өвдөх эрсдлийг 30 хувь, суулгалт 50 хувиар буурах боломжтой.



Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, " 2000 онд манай улс хүүхдээ эхийн сүүгээр хооллодгоороо дэлхий нийтэд жишээ болж байсан бол сүүлийн жилүүдэд 47 хувь болтлоо буурсан. Улс орнуудад энэ хэмжээг 40-өөс доош хувьд хүрвэл аюултайд тооцдог. Эхийн сүүгээ хөхөөгүй хүүхэд хатгаа тусах, суулгалт, халдварт өвчин тусах илүү магадлалтай. Хэрэв хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр ба түүнээс дээш нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлбэл жил бүр эндэж байгаа хүүхдийн амь насыг аварч олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой юм. Эхийн сүүнд дархлаа дэмждэг маш олон бодис бий. Энэ бодисын нөлөөгөөр хүүхэд шим тэжээлтэй хоол тэжээл, дархлаагаа сайжруулдаг бодисоо авах байтал үүнийг орлодог бүтээгдэхүүн бий гээд зарим бүсгүйчүүд гоо сайхнаа бодож эхийн сүүгээр хүүхдээ хооллохгүй байх нь ихэссэн гэдгийг судалгаанаас харж болох юм. Тиймээс үүнд зохицуулалт хийх шаардлагатай “ гэв.

Мөн тэрээр 0-6 сартай хүүхдэд сүүнээс өөр юу ч өгөхгүй ба хөхний сүүгээр хооллоогүй эхийг зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ гэх мэдээлэл ташаа гэдгийг мэдэгдээд хуульд эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлого болон үйл ажиллагаа гэж орсон бөгөөд үүнийг дэмжин хэрэгжүүлэх эрүүл мэндийн ажилтнуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж хуульчилсан. Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын заалтууд нь эрүүл мэндийн ажилтан болон хүнсний бүтээгдэхүүн импортлогч, худалдаалагчдад хамааралтай гэдгийг хэллээ.

Түүнчлэн 0-6 сартай хүүхдээ хөхүүлэх боломжгүй эхэд эмнэлгийн мэргэжилтэн сүүн тэжээлийг хэрхэн хэрэглэх зөвлөгөө зааврыг өгөх үүрэг хүлээсэн ба эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийг хэрхэн хооллохыг өөрсдөө шийдвэрлэх аж. Сүүн тэжээл нь хүнс бөгөөд “Хүнсний тухай” хуулиар худалдааны зөвшөөрөлтэй аль ч газар худалдах боломжтой юм хэмээн тайлбарлалаа. Хилээр хяналтгүй оруулж буй нэмэлт тэжээл нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй, стандартын шаардлага хангаагүйн дээр хувцасны лангуу, барилгын материалын дэлгүүр гээд шаардлага хангахгүй газраар худалдаалж байгаа нь тогтоогджээ.
 
Тус хуульд хүүхдийн хүнсний найрлага, сав, баглаа боодол, шошгонд тавигдах шаардлагуудыг нэмэгдүүлсэнээр транс тос, хувиргасан амьд организмаас гаралтай түүхий эд зэргийг ашиглахыг хоригложээ.
Сүүн тэжээлээр хооллосон хүүхэд хоол боловсруулах замыг эмгэг, илүүдэл жин таргалалт, харшил, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэл өндөртэйг нотолжээ. Манай улсын хувьд бага насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтаар бүсийн 37 улс орноос хоёрдугаарт бичигдэж байгаа аж.
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд