top banner
Шуурхай мэдээ

Зава Дамдин гавжийн амьдрал түүхээс сэдэвлэсэн шинэ жүжиг тоглоно


2017-05-17 13:46:55
Зураг
 Дундговь/МОНЦАМЭ/ Ирэх долдугаар сард товлоод байгаа нэрт соён гэгээрүүлэгч Зава хэмээх Шагдарын Дамдины мэндэлсэний 150 жилийн ойд зориулан Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид “Тайлагдаагүй оньсого” жүжгийг үзэгчиддээ хүргэхээр төлөвлөсөн байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар жүжгийн бэлтгэ сургуулилт хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.  Энэ тухайд театрын дарга Д. Доржсүрэнгээс тодруулахад, Зава Дамдин судлаач, зохиолч Х. Шонхорын “Тайлагдаагүй оньсого” зохиолыг 2 бүлэг, 6 үзэгдэлт дуулалт жүжиг болгох юм. Одоогоор ажил эхлээгүй, судалгааны түвшинд байна. Жүжгийг найруулж тавихад шаардагдах төсөв санхүү хараахан шийдэгдээгүй байна гэлээ.
Зава Дамдин гавж нутаг усандаа дэгдсэн тарваган тахлыг дарсан тухай яриа үлдсэн байдаг. Тэрээр тарваган тахлыг даруулахаар өөрийн шавь Мандир зочыг тахлын голомт руу явуулсан бөгөөд оросоос ирсэн тарваган тахлын отряд Мандир зочид шинжилгээ хийхэд ямар ч хамгаалах хэрэгсэлгүй тахлын голомтод орсон атлаа эв эрүүл байсан гэдэг. Халдвар аваагүйн учрыг асуухад Мандир зоч “Хамба багш намайг тарваганы өвчин гарсан айл руу явахад өвчин нэмж хүнд халдахгүй гэсэн. Надад өвчин халдаагүйн учрыг багш мэднэ” гэжээ. Энэ яриа домог мэт үлдсэн бөгөөд энэ явдлаас сэдэвлэн зохиолч Х. Шонхор “Тайлагдаагүй оньсого” зохиолоо бичсэн байна.Зөвхөн энэ үйл явдал бус Зава Дамдин гавжийн амьдрал түүхэнд үлдсэн сонирхолтой олон үйл явдлыг жүжигт өгүүлэх ажээ.  Дуулалт жүжгийн хөгжмийн цомнолыг Говьсүмбэр аймгийн “Боржгин” чуулгын хөгжмийн багш УГЗ С. Дашням туурвиж байгаа бөгөөд тэд хамтран урьд нь Зава Дамдины “Ариусахуй нигүүлсэхүйн сургааль”-иар дуулалт жүжиг бүтээж байжээ.
Төв Халхын дуулалт жүжгийн театр урын сандаа өөрийн нутгаас төрсөн түүхэн хүний амьдралаас сэдэвлэсэн хэд хэдэн жүжигтэй. Тухайлбал, 2012 онд Дундговь аймгийн 70 жилийн ойд зориулан Төрийн соёрхолт зохиолч Д. Төрбатын зохиолоор “Жанжин Мижид”, 2004 онд Дундговь нутгаас төрсөн бөх Хур харцагын тухай “Хур харцагын үр”, начин Улаанхүүд зориулан “Хүүхэн засуул”, 2002 онд Ардын уран зохиолч С. Буяннэмэхийн тухай “Ялагдаагүй ганцаардал” зэрэг жүжгийг үзэгчиддээ толилуулж байсан. Энэ удаад ийнхүү Зава Дамдин гавжийн амьдрал түүхээс өгүүлэх “Тайлагдаагүй оньсого” жүжгийг төлөвлөжээ.
 
Т. Отгонтуяа

Монгол брэнд