top banner
Шуурхай мэдээ

Түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох нь уул, уурхайн салбарын хөгжлийн гарц гэж онцлов


2017-05-17 15:14:56
Зураг
Орхон/МОНЦАМЭ/  Уул, уурхайн салбарын 95 жилийн ойд зориулсан “Төвийн бүсийн чуулган” өчигдөр Орхон аймагт болж өндөрлөлөө. Энэ үер гурван хэсэгт салбар хуралдаан болсон бөгөөд хуралдаанаас гаргасан саналыг нэгтгэж зөвлөмж гаргасан байна.  Салбар хуралдаан  “Уул, уурхайн салбарын эрх зүйн орчин”, “Хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн гарц”,  “Уул, уурхайн салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд өрнөсөн бөгөөд  хуралдаан тус бүрт 80-90 орчим хүн оролцлоо.
 
“Уул уурхайн салбарын эрх зүйн орчин” сэдэвт хуралдааны үеэр Монголын уул уурхайд мөрдөгдөж буй хууль дүрмийг өөрчлөх зайлшгүй шаардлага байгааг онцоллоо. Юуны өмнө төрийн өмчит компани гэдгийн “төрийн” гэдэг үгийг авч Монгол Улсын 60 мянган аж ахуйн нэгжтэй ижил эрх, үүрэгтэй байх зохицуулалтыг хийх хэрэгтэй гэлээ. Түүнчлэн “Уул, уурхайн багц хууль”-ийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах зайлшгүй шаардлага байгааг онцолж ярьсан юм. Түүнээс гадна УИХ-д “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг”  нь уул, уурхайн эрх зүйн орчинг сайжруулах, хариуцлага, хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих, хөрөнгө татах, итгэлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа ажээ.

 
“Уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт хуралдаанаар уул уурхайн нөхөн сэргээлт, хаалт, хөгжлийн менежментийг боловсронгуй болгох, анхаарч ажиллах зайлшгүй шаардлага байгааг онцоллоо. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК байгалийн нөхөн сэргээлт болон хаалт, хөгжлийн менежмэнтээ аль хэдийн эхлүүлсэн нь үр дүнгээ өгч байгаа талаар хуралдааны үеэр дурдагдсан юм. Түүнчлэн геологи хайгуулын дүнд “Эрдэнэт үйдвэр” ХХК  цаашид 60 жил ажиллах нөөц боломжтойг онцоллоо. Уул, уурхайн үйлдвэр орон нутагттайгаа хэрхэн хамтарч ажиллах талаар олон жишээ баримт яригдсан ч хамгийн гол нь үйлдвэр хаагдахад орон нутгийн хөгжил ямар түвшинд хүрсэн байх тухай санал солилцоцгоолоо. Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Орхон аймагт “Зэс хайлуулах үйлдвэр” байгуулах ажлын талаар мэдээлэл хийсэн юм.
 
Уул, уурхайн 95 жилийн ойд зориулсан “Төвийн бүсийн чуулган” нэг өдрийн турш үргэлжилж салбар хуралдаанаас гарсан саналыг нэгтгэж зөвлөмж гаргасан бөгөөд үүнийг УУХҮЯ нягталж иргэд олон нийтэд мэдээлэх гэнэ. Уг чуулганд УИХ-ын гишүүд, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Орхон, Булган, Архангай, Төв, Сэлэнгэ зэрэг найман аймгийн 450 гаруй төлөөлөл оролцлоо. Чуулганы үеэр уул уурхайн салбарын ажилтан, мэргэжилтнүүд  стратегийн болон нөөц нь тогтоогдсон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, баяжуулах үйлдвэр, үүсмэл ордын ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлэх, зэсийн баяжмал, газрын тос, төмөрлөг боловсруулах болон нүүрс, кокс-хмийн үйлдвэрийн томоохон төслүүдийг ойрын хугацаанд эхлүүлэх нь чухал гэдгийг хэлж байлаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил уул уурхайд суурилсан тул түүхий эдээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох, зорилтот зах зээлээ тодорхойлж ажиллах нь бидний гарц юм гэсэн санал нэгтэйгээр чуулган өндөрлөлөө.
Дашрамд дурдахад, уул уурхайн салбар нь Монгол Улсын экспортын 86 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 71 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг тус салбар дангаараа бүрдүүлж байна.
                                                                                                                                                               Б.Оюун-Эрдэнэ 
 

Монгол брэнд