top banner
Шуурхай мэдээ

Эзэнгүй арал дээр илүү их хуванцар хог хаягдал байна


2017-05-17 15:33:11
Зураг
ВАШИНГТОН. /VOA/. Номхон далайн төв хэсэгт орших алслагдсан, эзэнгүй нэгэн арлын эрэг орчмын бүсэд дэлхийн бусад газар оронтой харьцуулахад илүү их хэмжээний хуванцар хог хаягдал байна.
 

Австралийн Тасманийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар, томоохон суурин газраас 5000 гаруй км-ийн алслагдсан Номхон далайн Хендерсон арал нь бараг 37.7 сая ширхэг хуванцар хаягдлаар хучигджээ.

Өөрөөр хэлбэл, Хендерсон арлын эргийн дагуух 1 ам. м талбайд 671 ширхэг хуванцар хаягдал байна. Энэ нь хуванцар хаягдлын бөөгнөрлөөр дэлхийд "тэргүүлж байна" гэсэн үг юм.

Их Британийн Питкэрний арлуудын нэг хэсэг болох Хендерсоны арал нь Номхон далайн урсгалын төвд оршдог учир Өмнөд Америкийн улсуудын хог хаягдал болон загас агнуурчдын хаясан хог далайн урсгалаар дамжин ирж энэ аралд хуримтлагдсан бололтой.

Судлаачдын ярьснаар, тус арлын таван хэсэгт хог хаягдлын хэмжээ өдөрт 3570 гаруй ширхгээр нэмэгддэг байна.

Дэлхийн хэмжээнд жил бүр 300 сая гаруй тонн хуванцар хог хаягдал бий болдог бөгөөд үүний маш бага хувийг нь дахин боловсруулдаг аж.

Хуванцар нь маш удаан задардаг бөгөөд далай тэнгист хөвөх үед шувуу, загас болон бусад амьтан түүнийг залгидаг  байна. 

 Г.Доржханд


.



Сурталчилгаа
Монгол брэнд