top banner

Үндэсний бөхийн тайлбарлагч, цоллоочдын анхдугаар уралдаан болж байна


2017-05-17 17:25:08
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол бөхийн хөгжлийн салшгүй нэгэн хэсэг бол дэг жаяг буюу бөхийн тайлбар болон, цол дуудах явдал байдаг. Улсын хэмжээнд шилдэг тайлбарлагч, цоллоочид байдаг хэдий ч орон нутагт энэ төрлийн мэргэжлийн хүмүүс байх нь ховор. Тэгвэл орон нутагтаа мэргэжлийн бөх тайлбарлагч, цоллоочдыг бэлтгэх зорилгоор  Сүхбаатар аймгийн биеийн тамир спорт газар /БТСГ/-аас санаачлан Аймгийн үндэсний бөхийн цоллооч, тайлбарлагчдын анхдугаар уралдааныг зохион байгуулж байна.
Уралдааныг улсын тэргүүн тайлбарлагч О.Батмөнхөөр ахлуулсан, Монголын үндэсний бөхийн холбооны жаяг дэгийн багийн гишүүд шүүн явуулж байна. Энэхүү уралдаан нь аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болоод БТСГ-ын дарга, засаг дарга нарын хооронд байгуулагдсан ажлын үр дүнгийн гэрээнд тусгагдсаны дагуу ийнхүү ажил хэрэг болж байгаа нь энэ юм.
“Үндэсний бөхийг хөгжүүлнэ гэдэг нэг хэрэг, гэхдээ үүний хажуугаар бөхийн дагалдах соёл, жаяг дэгийн багийн соёлыг орхигдуулж болохгүй. Тиймээс монгол үндэсний бөхийн тайлбарлагч, цоллоочдыг бэлтгэх, шинэ залуучуудыг гаргаж ирэх зайлшгүй шаардлага байсан учраас энэхүү уралдааныг хийж байна. Айхтар мундаг том улсын зэрэг цолтой тайлбарлагч, цоллооч төрөхгүй юмаа гэхэд заалныхаа барилдааныг тов хийтэл тайлбарлачихдаг, бөхийнхөө зүүн баруун жигүүрийн цолыг сайхан дуудчихдаг хүнтэй болохыг зорьсон. Тийм ч учраас БТСГ-аас уралдааны зохион байгуулалт, бай шагналын асуудалд ихээхэн ач холбогдол өгч байна...” хэмээн аймгийн БТСГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Өлзийтогтох хэллээ.
Уралдаанд нийт 21 хүн оролцож байгаа бөгөөд уралдаан хоёр үе шаттайгаар явагдаж байна. Тайлбарлагчдын хувьд дэлгэцээр бэлэн бөхийн бичлэг харж тайлбарлах, үндэсний бөхийн дүрмийн тухай асуултанд хариулах, бөчүүдийн зургийг харж танилцуулгыг хэлэх, мөн энэ өдөр болж буй үндэсний бөхийн барилдааныг харж тайлбарлана. Харин цоллоочид хоёр жигүүрт хуваагдан цээжээр бөхийн цол дуудах, мөн үндэсний бөхийн дүрмийн талаар асуултанд хариулах, 32 бөхийн барилдааны бөхчүүдийн цолыг дуудах зэргээр ур чадвараа өрсөлдүүлж байгаа юм байна.
Уралдаанд нэг, хоёрдугаар байранд шалгарсан оролцогчдод аймгийн тайлбарлагч, дэд тайлбарлагч, аймгийн цоллооч, дэд цоллооч гэсэн албан ёсны зэрэг олгоно. Мөн уралдаанд оролцсон бүх хүнд сумын тайлбарлагч, дэд тайлбарлагч, сумын цоллооч, дэд цоллооч гэсэн зэрэг олгохоор аймгийн Үндэсний бөхийн холбооноос шийдвэрлэжээ.
Мөнххаан сумын харъяат,улсын тэргүүн тайлбарлагч О.Батмөнх, Түвшинширээ сумын харъяат, улсын цоллооч засуул Л.Хадаа, Асгат сумын харъяат Монгол Улсын цолчин засуул Т.Хэнбат, Дарьганга сумын харъяат бөх тайлбарлагч Н.Хүрэлбаатар гээд Сүхбаатар нутгийн гаралтай хүмүүс бүгд уралдааныг зорин иржээ.
Т. Одончимэг
 

Монгол брэнд