top banner

Орон сууцны нэг давхрыг цэцэрлэг болгон тохижуулжээ


2017-05-17 17:33:25
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо.
Тус аймгийн төв Сүхбаатар суманд өнгөрсөн жил ашиглалтад орсон 10 давхар нийтийн эзэмшлийн төвлөрсөн халаалттай орон сууцны барилгын нэг давхрыг ашиглан цэцэрлэг байгуулах асуудлыг аймгийн Засаг дарга Ш.Оргил хөндөн тавьж байлаа.
Тэгвэл энэхүү санал ажил болж өнөөдөр тус байрны нэг давхарт шинэхэн цэцэрлэг үүдээ нээлээ. Тус цэцэрлэг нь 5 бүлэгт 150 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай юм. Энэхүү цэцэрлэг нь хяналтын камер, эмчийн өрөө, багш хөгжлийн өрөө, анги бүрт ариун цэврийн өрөө, урлагийн заал гээд цэцэрлэгт байх ёстой стандартын шаардлагад нийцсэн бүхий л өрөө тасалгаануудтайгаараа давуу байгаа аж. Тус цэцэрлэг нь одоогоор тусгайлсан орон тоотойгоор бус Сүхбаатар сумын Улсын тэргүүний 4-р цэцэрлэгийг түшиглэн зуны улиралд туршилтын шугамаар нэг сар үйл ажиллагаагаа явуулахаар хүүхдүүдээ хүлээж аваад байгаа аж. Цаашид тус цэцэрлэгт ажиллах багш, ажилчдын орон тоо ирэх шинэ хичээлийн жилд батлагдаад ирвэл албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэх гэнэ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж дутагдалтай байгаа, дахин шинээр барьж байгуулах хөрөнгө санхүү хямралтай байгаа энэ цаг үед энэхүү цэцэрлэг жинхэнэ ёсоор ажиллаж эхлэх юм төсөв мөнгө хэмнэсэн, дээр нь Сүхбаатар суманд шинээр баригдах цэцэрлэгийн тоог нэгээр хэмнэх том боломж гарч ирж байгаа юм.
 
Ч.Отгонцэцэг

 


Монгол брэнд