top banner
Шуурхай мэдээ

АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав


2017-05-17 17:52:30
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 73 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тус комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ш.Ахтартай 5 дугаар сарын 17-ны өдөр уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
 
Манай улс худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, эрчим хүч, дамжин өнгөрөх тээвэр, статистик, ядуурлыг бууруулах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр тус комисстой идэвхитэй хамтран ажилладгийг сайд Ц.Мөнх-Оргил дурдаад тус комиссоос үзүүлж ирсэн дэмжлэг туслалцаа нь үндэсний боловсон хүчнийг чадваржуулах, бүс нутгийн сайн туршлагаас нутагшуулах, бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн интеграцид нэгдэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийн төлөөх хүч чармайлтад Монгол Улсын хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
 
АНДЭЗНК-ын дэмжлэгтэйгээр 2016 оны 12 дугаар сард байгуулсан Азийн автозамын  сүлжээний дагуу авто тээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд авто замын АН 3 корридорыг нээсэн нь Монгол-ОХУ-БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны санаачлагыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр болсныг сайд Ц.Мөнх-Оргил онцлов. Уг хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд “Бүс нутгийн тээврийн эдийн засгийн хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо энэ онд зохион байгулах асуудалд ач холбогдол өгч буйг комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга тэмдэглээд Улаанбаатар хотноо 2018 он болох гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх Азийн сайд нарын уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
 
Монгол Улс 1961 онд АНДЭЗНК-ын гишүүнээр элссэнээс хойш тус комисстой 50 гаруй жилийн турш хамтран ажиллаж, идэвхитэй гишүүн орнуудын нэг болсныг комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга уулзалтын үеэр онцлоод   тус комиссоос санаачилсан ”Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр”-ийг Монгол Улс анхнаас нь дэмжиж ирсэнд талархаж, хэлэлцээрт эхний ээлжинд нэгдэх орнуудын нэг гэж найдаж буйгаа илэрхийлэв.
 
Уулзалтаар талууд үндэсний боловсон хүчнийг бэхжүүлэх хүрээнд залуу ажилтнуудыг АНДЭЗНК-т богино хугацаагаар ажиллуулах, мэргэжилтнүүдийн хэлэлцээ хийх чадварыг сайжруулахад хамтран ажиллах асуудлыг ярилцав.

Монгол брэнд