top banner

Аймгийн ЗДТГ, ИТХ-ын ажилчид монгол бичиг сурч байна


2017-05-17 18:00:18
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ЗДТГ, ИТХ-ын бүх ажилтан, албан хаагчид монгол бичгийн сургалтанд хамрагдаж эхэлжээ. Сургалтаар монгол бичгийн анхан болон дунд шатны мэдлэг олгохоос гадна монгол бичгийн талаарх өнөөгийн бодлого, чиг хандлага, монгол хэлний хуулийн агуулгын талаар давхар мэдээлэл өгч, монгол бичгээр компьютер дээр зөв бичих аргазүй, цахимд хэрэглэх, монгол уран бичлэг, бийрийн бичлэгийн ур дүй, чадварыг давхар эзэмшүүлэх юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчилах, үндэсний бичгийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд Нийгмийн бодлогын хэлтсээс санаачлан  аймгийн ЗДТГ, ИТХ-ын ажилчдад монгол бигийн мэдлэг олгох, тэдний чадварыг дээшлүүлэх зорилгоор “Миний монгол бичиг”  сургалтыг зохион байгуулж байна. Сургалт долоо хоногт хоёр удаа явагдах бөгөөд өдөрт 1 цаг 30 минут, нийт 20 цагийн хичээл үзэх юм.
Энэ хугацаанд монгол бичгийн анхан болон дунд шатны сургалтууд явагдахаас гадна сургалтаар олж авсан мэдлэгийг бататгах дадлага ажил хийгдэж, олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдана. Харин сургалтын төгсгөлд Хурдан уншигч, Зөв сайхан бичигтэн, Уран бичээч, Манлайлагч хэлтсийг шалгаруулах юм байна. Мөн уралдааны хүрээнд аймгийн ЗДТГ-ын гадна хаяг, танилцуулга самбарууд, өрөөнүүдийн хаяг, ажилчдын энгэрийн тэмдгийг монгол бичгээр хийж байршуулахаар төлөвлөжээ.
Т. Одончимэг 

Монгол брэнд