top banner

Хонконгт байшин барих газрыг 3 тэрбум доллароор худалдан авчээ


2017-05-17 18:57:11
Зураг
ХОНКОНГ./TASS/. Хонконгийн бизнесийн дүүрэгт байрлалтай хэсэгхэн газрыг дуудлага худалдаагаар 23,28 тэрбум хонконг доллар буюу 3 тэрбум ам.доллароор зарсан байна. Энэ нь дэлхий дээрх хамгийн үнэтэй газар болж байна гэж South China Morning Post сонинд бичжээ.

Энэ газрыг авахаар девелоперийн 9 компани, тэдгээрийн дотор эх газрын Хятадын 2 компани өрсөлдсөнөөс Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн Henderson Land гэдэг компани дуудлага худалдааны ялагчаар тодорсон байна. Тодруулбал, тус компани нэг кв.фут /0,09 кв.м/ газрыг 6460 ам. доллароор худалдан авчээ.

Дуудлага худалдааны эцсийн үнэ шинжээчдийн таамаглаж байснаас /2,8 тэрбум ам.доллар/ давсан байна.

Одоо энэ газарт автомашины 5 давхар зогсоолын барилга байгаа юм. Газрыг худалдан авсан шинэ эзэн энэ барилгыг буулгаж, 2022 он гэхэд тэнгэр баганадсан оффисын барилга барихаар төлөвлөж байгаа аж.

Хонконг дахь үл хөдлөх хөрөнгө дэлхий дээр хамгийн үнэтэйд тооцогддог байна. Орон сууц, оффисын үнэ тэнгэрт хадсан нь газар ховордсонтой холбоотойгоос гадна эх газрын Хятадын хөрөнгө оруулагчид зах зээлд орж ирж байгаатай холбоотой ажээ.
Х.Сарнай  

Монгол брэнд