top banner
Шуурхай мэдээ

Нефтийн нөөц багасч байгаа нь Оросын аюулгүй байдалд учирч буй гол эрсдэл мөн


2017-05-17 19:01:39
Зураг
МОСКВА./BBC/. Оросын Ерөнхийлөгч В.Путин эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн 2030 он хүртэлх хугацааны стратегийн шинэ бодлогыг баталлаа. Уг баримт бичигт дурдсанаар, түүхий эдийн экспортод тулгуурласан хөгжлийн загварын боломж нөөц шавхагдаж байгаа болон газрын тос, байгалийн хийн нөөц багасч байгаа нь эдийн засгийн аюулгүй байдалд тулгарч буй гол эрсдлүүд болж байна.

“Түүхий эдийн экспортод тулгуурласан хөгжлийн загварын боломж нөөц улам бүр шавхагдаж байгаа, эдийн засгийн өсөлтийг хангах уламжлалт хүчин зүйлүүдийн үүрэг роль эрс багассан, мөн түүхий эд олборлолтоос бусад салбарын Оросын компаниуд дэлхийн тэргүүлэгч компаниудын тоонд багтахгүй байгаа” зэргийг дээрх баримт бичигт гол эрсдэлүүд гэж үзсэн байна.

Эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж буй бусад шалтгаануудыг дурдвал, эдгээр нь ажиллах хүчний дутагдалтай байдал, баян болон ядуу хүмүүсийн орлогын ялгаа өссөөр байгаа, Орос улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан зэрэг юм. 

Стратегийн шинэ бодлогын дагуу бусад орны зүгээс хориг арга хэмжээ авсан нөхцөлд хариу арга хэмжээ авах механизмыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн цагаачдын урсгалыг зохицуулах хэрэгтэй болж байна.

Стратегийн бодлогын хэрэгжилтийг хянах үйл ажиллагааг засгийн газар хариуцан явуулах бөгөөд улс орны эдийн засгийн аюулгүй байдлын талаарх илтгэлийг жил бүр Ерөнхийлөгчид танилцуулах юм. Стратегийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг засгийн газар гурван сарын хугацаанд боловсруулах ёстой ажээ.

Дашрамд дурдахад, ОХУ-ын эдийн засгийн аюулгүй байдлын стратеги бодлогыг 1996 онд анх баталжээ. Харин стратегийн шинэ бодлогыг боловсруулан батлах нь зүйтэй гэсэн шийдвэрийг 2015 онд гаргасан байна.

Ерөнхийлөгч В.Путиний хэлснээр, стратегийн шинэ бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд Орос улсын эдийн засгийн өсөлтийн түвшин 2020 он гэхэд дэлхийн дунджаас давсан байх ёстой юм.
Х.Сарнай  

Сурталчилгаа
Монгол брэнд