top banner
Шуурхай мэдээ

Судалгаа: Тоос шороо багассанаар агаар улам ихээр бохирддог


2017-05-17 19:52:24
Зураг
ЛОНДОН./BBC/. Агаарт хуримтлагдсан тоос шороо нь байгаль орчныг бохирдуулдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Гэтэл агаар дахь тоосны хэмжээ багассанаар Хятадад нүүрлэсэн агаарын бохирдлыг улам ихэсгэж байгаа ажээ.

Саяхан явуулсан нэгэн судалгааны дүнг үзвэл, тоос шорооны хэмжээ бага байгаа үед нарны хорт туяа дэлхийн гадаргууд улам хүчтэй тусч, ингэснээр салхины хурдыг багасгадаг байна.  Салхигүй болсноор Хятадын хүн ам шигүү суурьшсан газруудад агаарын бохирдол улам нэмэгдэж байгаа аж. Судлаачдын тооцоолсноор, тоосны хэмжээ багассанаар хүний хүчин зүйлээр бий болсон агаарын бохирдлын хэмжээ 13 хувиар нэмэгддэг байна. Энэ судалгааны дүнг Nature Communications сэтгүүлд нийтэлжээ.

Говиос улбаатай элсэн шуурга

Хэдэн зуун сая хятад хүмүүс үйлдвэрүүд болон нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас үүдэлтэй агаарын бохирдолд нэрвэгдээд байна.

Судалгаанд дурдсаныг үзвэл, агаарын бохирдлын улмаас Хятадад жил бүр 1,6 сая хүн нас барж байна. Энэ нь нийт нас баралтын 17 орчим хувийг эзэлж байгаа юм.

Говиос ирж буй элс шорооноос агаарын бохирдлын хэмжээ ихээхэн шалтгаалдаг байна. Тус бүс нутагт сүүлийн 150 жилийн хугацаанд дэгдсэн салхи болон тоос шорооны хэмжээг дууриалгасан загварчлалыг эрдэмтэд гаргасан бөгөөд тэдний хийсэн дүгнэлтээр тоос шороо нь нарны туяаны нөлөөг нэлээд хэмжээгээр багасгадаг байна. Хэрвээ тоос шороо байхгүй бол Нарнаас ирж буй туяа дэлхийд ихээхэн хор хөнөөл учруулах байлаа. Ер нь бол, газар болон далайн температурын зөрүүгээс үүдэн салхи үүсдэг билээ. Хэрвээ тоос шороо байхгүй бол газар дэлхий маань илүү халж, салхи дэгдэх нь багасч, үүний улмаас агаарын бохирдол ихсэх юм.

“Тоос шороо нь юуны өмнө Говиос эхтэй, нөгөөтэйгүүр баруун хойд Хятадын өндөрлөг газарт дэгддэг салхи шорооноос үүдэлтэй. Гэхдээ Говийн салхи шороо нь давамгайлдаг” гэж Вашингтон муж улс дахь Номхон далайн баруун хойд эргийн Үндэсний лабораторийн ажилтан Ян Ян ярьж байна.

“Агаарт тоосны хэмжээ бага байгаа үед нарны хорт туяа илүү ихээр газрын гадаргад хүрснээр хуурай газар болон далай тэнгисийн температурын ялгаа нь салхины эргэлтэд нөлөөлдөг. Ингэснээр Хятадын хойд нутагт салхины урсгалыг тогтонги болгож, агаарын бохирдлыг улам ихээр нэмэгдүүлдэг” гэж тэрбээр ярилаа.

Харин Калифорни дахь Далай судлалын Скриппсийн хүрээлэнгийн ажилтан, профессор Линн Рассель ингэж ярьж байна. “Тоос шороо багатай жил тохиох үед та урьд өмнөхөөс илүү их цагийг гадуур явж өнгөрүүлэх болно, харамсалтай нь энэ нь илүү бохир агаараар та амьсгална гэсэн үг”.  
Х.Сарнай   

Монгол брэнд