top banner
Шуурхай мэдээ

Модтой харьцуулахад бут сөөгөн хашлага нь бохир агаарыг илүү сайн шүүдэг


2017-05-18 08:49:43
Зураг
НЬЮ-ЙОРК. /BBC/. Өндөр барилгуудын дунд өөр хооронд нь нягт шигүү суулгаж ургуулсан бут сөөгөн ногоон байгууламж нь модтой харьцуулахад бохирдсон агаарыг илүү ихээр өөртөө шингээдэг болохыг судалгаагаар баталжээ.

Atmospheric Environment” сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаанд дурдсанаар, өндөр мод нь зай ихтэй, чөлөөтэй газруудад агаарын бохирдлыг шингээхдээ илүү сайн байдаг гэнэ. Харин бут сөөгөн хашлага нь автомашины яндангийн өндрийн түвшинд хорт бодисуудыг маш сайн шүүдэг ажээ. 

Явган хүний зам хангалттай өргөн байгаа тохиолдолд гудамж болон явган зорчигчдын хооронд намхан бут сөөгийг хот тохижуулахынхан тарих хэрэгтэй гэж  судалгааг удирдсан профессор Прашант Кумар зөвлөж байна. Тэрбээр ЕХ болон АНУ-ын түншүүдтэйгээ хамт бут сөөгөн хашлагын хамгийн тохиромжтой өндөр болон бохирдлыг хамгийн сайн шингээж  чадах ургамлуудыг судалж байгаа аж.
 
"Privet" гэдэг цэцэглэдэг бутыг тайрч үзсэн хот тохижуулах компанийн ажилтнуудын хэн нь ч гэсэн шигүү ургасан энэхүү ургамал их хэмжээний тоос шороог шүүдэг гэдгийг танд хэлээд өгнө. Энэ нь модны ач холбогдлыг бууруулах гэсэн хэрэг огт биш юм. Өндөр модод гудамжны бохирдсон агаарыг шингээж авахдаа сайн байдаг.

Гэхдээ тухайн орон нутгийн нөхцөл байдлаас нэлээд зүйл хамаарах тул "хамгийн сайн суулгац бол энэ байна" гэж шууд заагаад хэлчих боломжгүй юм.

Их Британи даяар айлуудаас бут сөөгний хаягдлыг цэвэрлэсний төлбөр нэхэж эхэлсэн энэ үед дээрх судалгааг танилцуулж байна. Хэрэв энэ бодлогын улмаас хүмүүс төлбөрөөс зайлсхийхийн тулд өөрсдийн бут сөөгөн хашлагаа зайлуулахад хүрвэл орчин тойрондоо илүү хор хохирол учруулах болно.
Х.Сарнай 



.

 

Монгол брэнд