top banner
Шуурхай мэдээ

Оросын МС-21 маркийн шинэ онгоц анхны туршилтын нислэгээ хийнэ


2017-05-18 09:09:15
Зураг
ЛОНДОН./BBC/. Оросын зорчигч тээврийн МС-21 нисэх онгоцыг Эрхүүгийн нисэх онгоцны үйлдвэрийн талбайд гарган туршилтын жолоодлого хийжээ. Уг нисэх онгоцыг зуны туршилтанд бэлтгэж байгаа боловч яг хэзээ турших вэ гэдгийг мэдээлсэнгүй.

“Анхны нислэгт бэлтгэх явцад уг онгоцны системүүдийг шалгах ажил хийгдэж, маршийн болон туслах хүчний төхөөрөмжийг шалгаж, заводын нисэх талбай дээр жолоодлого, гүйлтийг гүйцэтгэж байна” гэж Нисэх онгоц үйлдвэрлэлийн нэгдсэн корпорацийн цахим хуудсанд бичжээ.

5 дугаар сарын 15-нд Эрхүү хотод Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирсэн бөгөөд тэрбээр онгоцны туршилтын гүйлтийг хийх үед байлцсан эсэх талаар мэдээлсэнгүй.

МС-21 онгоц бол ЗХУ задарсны дараа зохион бүтээсэн хоёрдахь зорчигч тээврийн нисэх онгоц юм. Анхных нь "Sukhoi SuperJet 100" нисэх онгоц ажээ.

МС-21 төслийг хэрэгжүүлэгч газар нь “Иркут” корпораци бөгөөд тус корпораци Яковлевын зохион бүтээх товчоотой хамтран уг нисэх онгоцыг зохион бүтээсэн байна.

Уг агаарын хөлгийн анхны нислэгийг 2016 оны 12 дугаар сард хийхээр анх товлож байсан боловч энэ оны 5 дугаар сард хийхээр хойшлуулжээ.  “Иркут” корпорацийн мэдээлснээр, нийтдээ 285 ширхэг ийм онгоцны захиалга ирсэн байна.

МС-21 онгоц нь ойрын болон дундын зайн агаарын хөлөгт хамаарах ба техникийн үзүүлэлтээрээ Boeing 737, Airbus A320 онгоцнуудтай ойролцоо юм.

Уг онгоцонд захиалагчийн сонголтоор Америкийн Prartt & Whitney, Оросын ПД-14 хөдөлгүүрийн аль нэгийг тавих аж.

Дашрамд дурдахад, тав хоногийн өмнө Хятадад үйлдвэрлэсэн зорчигч тээврийн шинэ нисэх онгоц анхны нислэгээ хийсэн байна.

Төрийн өмчит “Comac” компанийн  үйлдвэрлэсэн “С919” агаарын хөлгийг Boeing 737, Airbus A320 онгоцны өрсөлдөгч гэж үзэж байгаа ба одоо үйлдвэрлэгдэн гарч буй Оросын МС-21-ийн өрсөлдөгч байж болохыг үгүйсгэх аргагүй юм.

“С919”-ийн туршилт амжилттай болсон тохиолдолд энэ онгоц нь дэлхийн агаарын тээврийн  зах зээлд гарч чадах Хятадын дунд зайны анхны онгоц болох юм. Уг нисэх онгоцыг зохион бүтээх ажил 2008 онд эхэлсэн боловч анхны нислэгийг нь хэд хэдэн удаа хойшлуулж байсан ажээ.

С919 нь 5500 км-ийн зайд нисч, 168 хүртэлх тооны зорчигч тээвэрлэх багтаамжтай, нарийн арал бүхий нисэх онгоц юм.

Хятадын хэвлэлүүдэд мэдээлснээр, онгоцны үнэ ойролцоогоор 50 сая доллар байгаа нь Boeing 737 болон Airbus A320-оос 50 хувь хямд байгаа юм.
О.Барс 

 

 



Монгол брэнд