top banner
Шуурхай мэдээ

Малын тоо толгойг бэлчээртээ тохируулна


2017-05-18 11:21:55
Зураг Булган /МОНЦАМЭ/Булган аймгийн ИТХ-аас баталсан “Мал аж ахуйн талаар баримтлах аймгийн бодлого”-доо бэлчээрийн даацад тохируулан мал сүргийн тоо, толгойг барих бодлого баримтлахаар тусгалаа.
Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дотоод болон гадаад зах зээлд борлуулахаар төлөвлөж байна. Нөгөө талаар бэлчээрийн даац, ашиглалтын менежментийг сайжруулах, отрын бүс нутаг байгуулах, талхдалт орсон бэлчээрийг өнжөөх, сэлгэх, газар тариалангийн атаршсан талбайд олон наст ургамал тариалж, бэлчээрт шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх, бэлчээрийн хөнөөлт хортон мэрэгчтэй тэмцэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж байна.
Тус аймгийн нийт газар нутгийн 56,7 хувь буюу 2764,0 мянга га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, түүнээс 91,1 хувь бэлчээр байна гэж газрын нэгдмэл сангийн 2016 оны тайлангаар гарчээ.
Бэлчээрийг өнгөрсөн оны эцэст тоологдсон малтай харьцуулбал 100 га бэлчээрт 262 хонин толгой мал ноогдож байгаа нь улсын дундажаас 3 дахин их байгаа судалгаа гараад байна. Гурван жилийн өмнө хийсэн бэлчээрийн төлөв байдлын судалгаагаар 73,9 хувь талхлагдсан, малд идэмжтэй ургамлын тоо цөөрсөн гэсэн дүн гарсан юм. Үүнээс үүдэн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд мал аж ахуйн үйлдвэрлэлийг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрлээ гэж үзэж байна.
Сум, орон нутгийн удирдлага, ИТХ-ын зарим төлөөлөгчид малын механик өсөлтийг зогсоох, гадны аймгаас ирэх малын нүүдлийг хязгаарлах шийдвэр гаргах саналыг нэлээд тулгах болжээ.
-Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон иргэн хүн хаана ч амьдрах эрхийг хангах ёстой. Иргэн хүнийг суурьших эрхийг хорихгүй харин орон нутгийн онцлог, нийтийн эрх ашиг, тулгамдсан асуудлыг шийдэх үүднээс зарим нэгэн хязгаарлалт тавьж болох талтай. Үүнийг нутгийн өөрөө удирдах байгууллага тусгай журмаар шийдэх арга зам бий гэж аймгийн ЗДТГ-ын хуулийн мэргэжилтнүүд тайлбарлалаа.
М.Батжаргал

Сурталчилгаа
Монгол брэнд