top banner
Шуурхай мэдээ

“Korean Air” компанийн ажилтнууд Монголд мод тарьж байна


2017-05-18 11:55:08
Зураг
СӨҮЛ. /eturbonews/. Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн “Korean Air” компани эх дэлхийгээ аврах санаачилгынхаа хүрээнд сүүлийн 14 жил дараалан Монголд мод тарьж  байна.

“Korean Air” компанийн 200 гаруй ажилтан орон нутгийн 600 гаруй иргэдтэй хамтран Монгол оронд мод тарих кампанит ажлыг энэ сарын 15-нд эхэлжээ. Уг кампанит ажил тавдугаар сарын 26-нд дуусах аж.

Энэхүү ажил нь тус компанийн хот суурин газрыг цөлжихөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилго бүхий “Дэлхийн даяар мод тарих төсөл”-ийн нэг хэсэг гэнэ.

Монголын нийслэл Улаанбаатар хотоос зүүн зүгт 150 км-ийн зайд орших Багануур дүүргийн цөлжсөн газарт тус компанийн хамт олон 110 мянга гаруй мод тариад байна. Тус газрыг “Korean Air-ийн ой” гэж нэрлэсэн байна.

“Korean Air-ийн ой” нь 440 км2 талбайг хамардаг аж. Тэнд голдуу улиас мод, чацарганы мод болон Сибирийн хайлаас тарьжээ. Чацаргана жимсийг нь маш их амин дэмтэй ундаа хийхэд ашиглаж байна.


Энэ хамт олны тарьсан модод нь Багануурын байгаль орчныг эрүүлжүүлээд зогсохгүй нутгийн оршин суугчдыг ажил орлоготой болгож байна. “Korean Air” компани моддыг арчлах тусгай мэргэжилтэн хөлслөн авч, нутгийн оршин суугчдад модыг хэрхэн арчлах аргыг зааж өгчээ.

Мөн мод тарих ажилд идэвхтэй оролцож, хамтран ажилласан дүүргийн сургуулиудад “Korean Air” компани компьютер, сандал, ширээ зэргийг хандивлаж байна.

“Korean Air” компани нь байгалийн гамшигт өртсөн Мьянмар, Балба, Япон болон Перу зэрэг улсад мод тарихаас гадна сайн санааны тусламж дэмжлэг үзүүлж байгаа ажээ.

Манай компани байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих, нутгийн оршин суугчдад тусламж дэмжлэг үзүүлэх замаар дотооддоо төдийгүй гадаад орнуудад нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хөтөлбөрүүдээ цаашид  улам идэвхтэй хэрэгжүүлнэ гэж “Korean Air” мэдэгдлээ.

/http://www.eturbonews.com/154949/korean-air-plant-trees-mongolia/
Г.Доржханд
 
 


Монгол брэнд