top banner
Шуурхай мэдээ

Дэлхийн банкны төв байранд “Монголын өвийн өдөр” соёлын арга хэмжээг зохион байгуулав


2017-05-18 12:52:36
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам Дэлхийн Банктай хамтран “Монголын өвийн өдөр” соёлын арга хэмжээг Дэлхийн Банкны төв байранд энэ сарын 16-17-нд зохион байгуулав.

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд АНУ-ын Төрийн департамент, Батлан хамгаалах яам, Дэлхийн Банк, ОУВС-ийн төлөөлөл, Монгол Улсыг сонирхон судалдаг гадаадын иргэд болон АНУ-д ажиллаж, амьдарч, сурч буй монгол иргэд оролцлоо. Арга хэмжээг нээж Элчин сайд Б.Алтангэрэл, Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Жэйсон Элфорд нар үг хэлэв.

“Монголын өвийн өдөр” соёлын арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн зочдод зориулан Монгол ардын болон сонгодог урлагийн үзүүлбэрийг толилуулж, зураач Д.Цолмон “The Nomad Spirit” бие даасан уран зургийн үзэсгэлэнгээ гаргасны зэрэгцээ Дэлхийн Банкны ресторантай хамтран Монгол үндэсний хоолоор үйлчиллээ.

Монгол Улс 1991 оны 2 дугаар сард Дэлхийн Банкны 155 дахь гишүүн орноор элсэж 26 жил хамтран ажиллахдаа дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт 800 гаруй сая ам.долларын 140 орчим төсөл, хөтөлбөрийг амжилттай хамтран хэрэгжүүлсэн юм.

Сурталчилгаа
Монгол брэнд