top banner

"Одхон" цэцэрлэгийн барилга нурахад бэлэн болжээ


2017-05-18 12:57:33
Зураг

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн “Одхон” хоёрдугаар цэцэрлэгийн барилга мөөгөнцөртөж, нурахад бэлэн байдалтай болжээ. Тус цэцэрлгийн барилгын нөхцөл байдалтай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Баясгалангомбо, ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь танилцаж, 2017-2018 оны хичээлийн жил эхлэхээс өмнө их засвар оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг хийв.

Тус цэцэрлэгийн барилга нь 1982 онд ашиглалтад орсон. 90 хүүхдийн багтаамжтай баригдаж байсан бол өнөөдрийн байдлаар 190 хүүхэд тус цэцэрлэгт хүмүүжиж буй. Өдгөө цэцэрлэгийн барилгын дээвэр суулт өгч, нурах эрсдэлтэй болсон, зарим ханын хэсгээр нуралт өгч, дан тоосгон дээр тогтож байна. Дотор талын зарим анги, гал тогооны тааз мөөгөнцөртжээ. Тиймээс аймгийн МХГ, Онцгой байдлын газрын шинжээчийн дүгнэлтийг үндэслэн зарим ангийн үйл ажиллагааг хааж, гал тогоог гадагш гарган, гэрт ажиллуулж байна.

2010 оноос эхлэн цэцэрлэгийн барилгын ажил сөхөгдөж, 2012 оноос их засвар оруулах ажлыг хөөцөлдсөн ч өнөөдрийг хүртэл шийдэгдэлгүй нөхцөл байдал улам дорджээ. Цэцэрлэгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад бага бүлгийг гаргаж, түрээсийн байранд хичээллүүлэх арга хэмжээ авсан байна. Эцэг эхчүүдийн дэмжлэгтэйгээр бага бүлэг цайны газрын зориулалттай байранд өдрийн 10 мянган төгрөгийн түрээсээр үйл ажиллагаа явуулах болжээ. Тус бага бүлгийн долоон хүүхдийг мөөгөнцрийн шинжилгээнд хамруулахад тавд нь мөөгөнцрийн нян илэрсэн бөгөөд цаашид цэцэрлэгийн бүх хүүхэд, ажилтан, алба хаагчдыг мөөгөнцрийн шинжилгээнд хамруулах шаардлага байгаа аж.

                                                                                                                            Б.Мөнхзул


Монгол брэнд