top banner
Шуурхай мэдээ

Дэлхийн банкны төв байранд Монголын өвийг сурталчиллаа


2017-05-18 14:40:36
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам Дэлхийн банктай хамтран “Монголын өвийн өдөр” соёлын арга хэмжээг Дэлхийн банкны төв байранд энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд АНУ-ын Төрийн департамент, Батлан хамгаалах яам, Дэлхийн Банк, ОУВС-ийн төлөөлөл, Монгол Улсыг сонирхон судалдаг гадаадын иргэд болон АНУ-д ажиллаж, амьдарч, сурч буй монгол иргэд оролцсон байна. Арга хэмжээг нээж Элчин сайд Б.Алтангэрэл, Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Жэйсон Элфорд нар үг хэлжээ. “Монголын өвийн өдөр” соёлын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод зориулан Монголын ардын болон сонгодог урлагийн үзүүлбэрийг толилуулж, зураач Д.Цолмон “The Nomad Spirit” бие даасан уран зургийн үзэсгэлэнгээ гаргасны зэрэгцээ Дэлхийн Банкны ресторантай хамтран Монгол үндэсний хоолоор үйлчиллээ.
Монгол Улс 1991 оны 2 дугаар сард Дэлхийн Банкны 155 дахь гишүүн орноор элсэж 26 жил хамтран ажиллахдаа дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт 800 гаруй сая ам.долларын 140 орчим төсөл, хөтөлбөрийг амжилттай хамтран хэрэгжүүлсэн юм.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд