top banner

“Би ирээдүйн татвар төлөгч” сэдвээр нээлттэй хичээл заав


2017-05-18 15:01:40
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ Монгол Улсад “Татвар төлөгчдийн өдөр”-ийг жил бүрийн 5 сарын хоёр дахь долоо хоногийн ням  гарагт  тэмдэглэн өнгөрүүлдэг  уламжлал  тогтоод 18  дахь жилтэйгээ золгож байна. 
Ховд аймгийн Татварын хэлтэс “Татвар төлөгчдийн өдрүүд” –ийг  05 сарын 15-наас 19-ний өдрүүдэд  тэмдэглэн өнгөрүүлж, татвар төлөгчдөд зориулсан олон үйл ажиллагаа, зохион байгуулж байна.  Тодруулбал, Худалдааны төвүүд дээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, ахмадуудыг сургалтанд хамруулж, Татварын нэгдсэн системд борлуулалтын мэдээ илгээхгүй байгаа газрууд дээр очиж зөвлөгөө өгч, ЕБ-ийн 7 дугаар сургуулийн сурагчдад “Би ирээдүйн татвар төлөгч” сэдэвт нээлттэй хичээл заасан байна.   
Татвар төлөгчдийн өдөрлөгөөр зохион байгуулсан зохион бичлэгийн уралдаанд Прогресс сургуулийн 12б ангийн сурагч Н.Сар-Угтах, Б.Батчимэг, Y.Билгүүн  нар эхний гурван байр эзэлжээ. Зохион бичлэгийг Татварын Ерөнхий Газарт хүргүүлж шалгаруулалтад орсноор Н.Саранугтах тусгайд орсон Тусгай байрын эзэн болсон байна.
 
Татвар төлөгчдийн анхдугаар зөвлөлгөөн болов
Ховд  аймгийн  ЗДТГ, Татварын хэлтэс, “Мерси Кор Монгол” олон улсын  байгууллагын Ховд аймаг дахь төлөөлөгчийн газар  хамтран  “Татвар төлөгчдийн анхдугаар зөвлөлгөөн”-ийг  зохион байгууллаа. 
Уг зөвлөлгөөнд Ховд аймгийн 17 сумын  бизнес  эрхлэгч, нягтлан бодогч, татвар  төлөгч иргэдийн төлөөлөл  200 гаруй  татвар төлөгч  оролцсон юм. Аймгийн  ЗДТГ-ын  хурлын  танхимд  өрнөсөн  уг  зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Татварын хэлтсийн дарга Х.Батцэцэг,  “Мерси Кор Монгол” олон улсын байгууллагын  Ховд аймаг дахь төлөөлөгчийн газрын удирдлага н.Батсүх  нар оролцов.
Аймгийн Засаг дарга Д.Галсандондог Улсынхаа  бүрэн эрхийн баталгаа болсон  төрийн  сан хөмрөгийг бүрдүүлж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн ажлын байрыг бий болгон нийгмийн өмнө хүлээсэн  үүргээ биелүүлж байгаа  эх орны  хөгжлийг  бүтээгч эрхэм татвар төлөгч нарт  талархал илэрхийллээ.
Анхдугаар зөвлөлгөөн шилдэг татвар төлөгч нарыг олонд таниулах, тэдний хөдөлмөр зүтгэл, үйл ажиллагааг  олон нийтэд сурталчилах, сумдын татвар төлөгч нарын хамтын ажиллагааг бэхжүүлж  санал хүсэлт, тулгамдсан асуудлуудыг нь сонсож нэгдсэн зөвлөмж  гарган аймгийн бодлогын чанартай баримт бичгүүдэд тусгахад чиглэгдлээ.  
Зөвлөлгөөний үеэр Шилдэг татвар төлөгч байгууллагаар “Ховд АЗЗА” ТӨХК, “Бадамлах дөл “ХХК, “Булган хөрс” ХХК-иуд  тус тус шалгарч Монгол Улсын Татварын албаны дээд шагнал Батламж, Цомын эзэн боллоо. Мөн аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр хоёр татвар төлөгч, аймгийн Татварын хэлтсийн даргын “Батламж”-аар хоёр  татвар төлөгч тус тус шагнуулсан юм.  
Мөн энэ үеэр татвар төлөгч байгууллагуудын төлөөлөлүүд экологид ээлтэй бүтээгдэхүүний  үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, Буянт Манхан сумын татвар төлөгчид гар урлал, нутгийн брэнд  бүтээгдэхүүнээ дэлгэн харууллаа. Үүнээс гадна Жаргалант сумын “Тансаг хатан сүлжмэл” ХХК, “Түмний ирээдүйн эхлэл” ХХК,  Баянбулаг болон Наран бэйкери, “Ховд скай” ХХК, “Х.А.Н Жаргалант Ховд” хоршоо зэрэг байгууллагууд бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнийг  олон нийтэд танилцуулсан юм.
А.Бямбасүрэн



 
 

Монгол брэнд